ЗӨВЛӨГӨӨ: Минималист хувцаслалт гэж юу вэ? + Хэрхэн зөв, эмх цэгцтэй хувцаслах вэ?

Юуны түрүүнд Минимализм гэж юу вэ? гэх ойлголтыг бид мэдэх хэрэгтэй. Хэрэв үүнийг нэг өгүүлбэрт багтаая гэвэл, Минимализм нь амьдралын илүү зүйлсийг өөрөөсөө зайлуулж, өөрт чухал зүйлд төвлөрч, өөрийн аз жаргал, сэтгэл хангалуун байдал, эрх чөлөөг олох хэрэгсэл юм.

Бүүр хураангуйгаар хэлбэл амьдралд байдаг хэрэггүй зүйлсээс өөрийгөө ангид байлгах л гэсэн үг юм. Энэ нь дан эд хогшил гэлтгүй хэрэггүй хүмүүс, бараан дурсамжууд зэрэг зүйлс ч нөлөөлнө. Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ авч үлдэж, илүү зүйлээс өөрийгөө чөлөөлөх хэв маяг гэж ойлгож болно.

КҮНЗ, Хятадын эртний гүн ухаантан

Амьдрал үнэндээ тун энгийн. Харин бид төвөгтэй болгох гэж зүтгэсээр байдаг

Минималист хувцаслалт гэж юу вэ?

Минималист амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхэд хамгийн анхны бодит үр дүн өгдөг зүйл бол гарцаагүй хувцас. “L.A Times” сэтгүүлийн хийсэн судалгаагаар дундаж амьдралтай, орон сууцанд амьдардаг айлд дунджаар 300 мянган ширхэг эд зүйл байдаг нь нотлогджээ. Түүний 30 хувийг хувцас эзэлдэг. Тиймээс минималист хэв маягийг өөрт суулгахдаа хувцаслалтаас эхэлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Цөөн боловч чанартай хувцастай байх нь энэ стилийн гол үндэс. Чанаргүй олон, чанартай ганцыг авахад төлөх мөнгөний хэмжээ ижил ч, үнэ цэнэ нь ялгаатай. Минималист стиль их уйтгартай гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Харин үүнийг зөв тохируулж хувцаслаж чадвал та эмх цэгцтэй, нүдэнд дулаахан харагдах болно.

Хэрхэн зөв, эмх цэгцтэй хувцаслах вэ?

Хэрвээ та өөртөө минималист стилийн бүрдүүлье гэж шийдсэн бол хамгийн түрүүнд бүх хувцсаа дэлгэж тавиад түүн дотроос сүүлийн гурван сар огт өмсөөгүйг нь ялгаж тусад нь далд хий. Ингэж далд хийчихээд дахиад гурван сар өнгөрсний дараа огт гар хүрээгүй бол тэр хувцас танд хэрэггүй гэсэн үг. Нэгэнт л огт өмсөлгүй зургаан сар хадгалсан юм чинь яагаад ангижирч болохгүй гэж.

Минималист стилийн хамгийн эхний дүрэм бол өнгө дагнах. Нэг өнгөөр дагнаж хувцаслах нь илүү хэмнэлттэй. Хар, цагаан, саарал, бор гэх зэрэг суурь өнгөө түлхүү давамгайлах хэрэгтэй. Гэхдээ аль нь надад зохих вэ? гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, шар арьстай хүн саарал өнгийн хувцас өмсвөл дүнсгэр, загалтсан мэт харагддаг. Түүний оронд бор болон цагаан өнгийг хослуулан өмсвөл маш дэгжин харагдана. Өнгө бүрийн сэтгэл зүйд нөлөөлөх чадамж гэж бий. Тухайлбал, бор өнгийн хувцас өмссөн хүн бусдад буурь суурьтай, итгэж болох хүн мэт харагддаг.

Харин улаан өнгө давамгайлах тусам түрэмгий, догшин харагддаг. Харин донжийг тохируулж чадвал гал цогтой, таатай мэдрэмж төрүүлнэ. Энэ мэтчлэн зохицлыг нь мэддэг болчихвол аяндаа өөрийн онцлог, стилийг бүрдүүлж чадна.

Харин минималист стилийн хоёрдахь дүрэм бол бүх хувцас энгийн загвартай байх ёстой. Гэхдээ бид цаг үетэйгэээ хөл нийлүүлж, орчин үеийн трэндүүдийг хувцаслалтдаа тусгах хэрэгтэй. Минималист боловч загварлаг стилийг бүрдүүлэх нь хамгийн чухал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)