Зүү залгисан байлдагчид 1.1 жилийн хорих ял оноожээ

Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн офицер, дэслэгч Н.Баатар байлдагч П.Хэнмэдэхийг дарамталж, зүү залгиулсан гэх мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татсан. Хөвсгөл аймгийн харьяат, байлдагч П.Хэнмэдэх даргадаа зодуулж удаа дараа зүү залгисан хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.

Энэ хэргийг Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан шалгаад дэслэгч Н.Баатар цэргүүдтэйгээ зүй бусаар харилцаж, зодож дарамталсан гэх асуудал тогтоогдохгүй байна гэж үзсэн бол байлдагч П.Хэнмэдэхэд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд заасан “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. 

Мөрдөн байцаалтын үед тэрбээр цэргийн албанаас зайлсхийх зорилгоор удаа дараа зүү залгиж, өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна. Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх өнгөрсөн даваа гаригт П.Хэнмэдэхэд холбогдох хэргийг хэлэлцээд нэг жил нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)