Зүүн хойд Азид эрчим хүчээ нийлүүлж чадах, эсэхийг шалгасан “тэг” зогсолт


Нийслэл Улаанбаатар төдийгүй хэд хэдэн аймгийг хамарсан эрчим хүчний доголдол өнгөрсөн бямба гаргийн 09.54 цагаас эхэлж, шөнийн 22.00 цаг болход Шадивлин, Жигжид, Гүнт зэрэг зуслангийн зарим бүс цахилгаантай залгаж чадаагүй байсан юм. 35 жилийнхээ ойг сар хүрэхгүй хугацааны өмнө тэмдэглэсэн “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанийнхан төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 67.3, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60.3 хувийг дангаараа үйлдвэрлэдэг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр.

Монголын зүрх болсон энэ үйлдвэрийн нэг албан хаагчийн ажлын хариуцлагагүй байдал төвийн бүсийн эрчим хүчийг “тэг” зогсолт хийхэд хүргэж, үүний уршгаар паартай байшин, паалантай жорлонд суудаг хүмүүс аймаг, хотгүй л хэцүүдэх шахав. Эрчим хүчний саатлаас болж УСУГ-ын харьяа худгууд дүүргэлтээ хийж чадаагүйгээс орон сууцнууд хэрэглээний халуун, хүйтэн усгүй болсны зэрэгцээ Төв цэвэрлэх байгууламж ч ажилгүй болж бохир нь халив. Цахилгааны саатлаас үүдэж, ШТС-ууд ч шатахуун өгөхгүй өнжлөө. Зарим дэлгүүрийн лангуун дээрх цэвэр ус үдээс хойш гэхэд дууссан байхтай ч таарсан юм. АТМ-ууд ч ажиллахгүй, зарим богино долгионы радио станц эфирээ цацаагүй билээ. Усгүй, цахилгаангүй Улаанбаатарын иргэд амралтын өдрийг бухимдаж өнгөрөөсөн нь лавтай.


“МОНГОЛЫН ЗҮРХ” ДОГОЛДСОНЫ ХАРИУЦЛАГЫГ НЭГ Л АЖИЛТАН ҮҮРЭХ НЬ

“ДЦС-4” ТӨХК-д 2018 оны есдүгээр сарын 15-ны 09.54 цагт Ил хувиарлах байгууламж-4 дээр 220 кВ-ын гуравдугаар систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарлаа. Техникийн хувьд нэгэнт зогссон тул шугам хоолойн усыг шавхах, горим ажиллагааг хийхэд тодорхой хугацаа ордог. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар газар дээр нь ажиллаж буй. “ДЦС-4” ТӨХК бүрэн ажиллагаанд орсны дараа бичлэг үзэж ямар саатал гарсныг тогтоож, дүгнэлт гаргахаар ажиллаж байна” хэмээн тус станцын эрх бүхий ажилтнууд мэдээлэл өгсөн.

Харин бидний өөр эх сурвалжаас авсан мэдээллээр хуваарийн дагуу сэлгэн залгалт хийж байх үед нэг ажилтан алдаа гаргаснаас богино холболт үүссэн. Үйл ажиллагааны горим алдагдахаар автомат унтраалгууд унаж, улмаар цахилгааны ачаалал “ДЦС-3”-т нэмэгдсэнээс Улаанбаатар хот, зарим аймаг гэрэлгүй болсон аж. Эрчим хүчний сайд үүний буруутан нь “нэг ажилчин” гээд, түүнд хариуцлага тооцохоор болж буй гэнэ. Энэ тухайгаа сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр “ДЦС-4” тэг зогсов. Улмаар бусад ДЦС-ын үйл ажиллагаа доголдсон явдал гарлаа. Энэ нь технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар.

Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид л цахилгаангүй болсон. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй нь. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Харин цахилгаан станцын мэргэжлийн инженерүүд “Хэн нэгэн хүн ганцаараа, дураараа сэлгэн залгалт хийдэггүй юм. Хоёроос дээш тооны хүн байж, заавар зөвлөгөө бичиж, зөвшөөрөл авч байж явуулдаг ажиллагаа. Технологийн горим зөрчигдсөн учраас ийм доголдол гарлаа” хэмээв. “ДЦС-4”-т шахааны тоног төхөөрөмж нийлүүлснийг нь туршиж байгаад ийм гэмтэл гарсан гэх хүн нэг бус байна.

Товчхондоо, олон зуун айлыг цахилгаан, усгүй болгосон хэргийн буруутан зүгээр л нэг ажилчин болж таарах нь. Онцгой объектод дураараа авирладаг тэр ажилтан ямар ажилтай, хэн болох, хэзээнээс станцад ажиллаж буй нь тодорхойгүй. Тэгэхээр салбарын сайд, дарга нар нь өөрсдийнхөө “арьс”-ыг хамгаалаад, өнөөх ажилтнаараа “туг тахих” бололтой. Угаасаа тийм бодолтой буйгаа ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь хэвлэлд өгсөн ярилцлагаараа илэрхийлсэн гэж болно.

МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд эрчим хүчний салбар дахь хариуцлагагүй байдлыг удаа дараа сануулсаар буй. Өнгөрсөн долдугаар сард хүчтэй аадар орсны улмаас баруун бүс руу цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шон унангаа алдахад ч холбогдох албаныхан “Нэг ажилчин ийм хариуцлагагүй байдал гаргалаа” хэмээж байсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн хэмжээнд цахилгааны тулгуур, станцын хамгаалалтын зурвасыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Гэтэл ЭХЯ-ныхан гараа хумхисаар. Өчигдөр Налайх дүүргийн иргэд “Цахилгаан байнга тасардаг.

Гэтэл бид айл өрхийнхөөс илүү өртгөөр цахилгаан худалдаж авдаг” хэмээн гомдол гаргав. Учрыг нь лавлахад, тус дүүрэг рүү шинээр татсан шугамыг одоо хэр нь хувийн компани хариуцаж байгаа аж. ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооныхон тэдэнд зөвшөөрөл олгожээ. Эрх дархтай компани иргэдийг дарлаж, ялтсан төхөөрөмжийн төлбөр зэргээр тоймгүй мөнгө нэхдэг аж. Нэг оршин суугч “Бид өмнө нь цахилгааны төлбөрөө улсын дансанд тушаадаг байсан. Гэтэл жил гаруйн өмнөөс хувийн компанид шилжсэн. Ямар учиртайг мэдэхгүй. Энэ компаниас татгалзъя гэхээр “Өргөдлөө бичээд ир” гэдэг. Биднээс асуухгүй ийм зүйл хийчихээд, түүнийгээ залруулахдаа өргөдөл бичүүлдэг нь ямар учиртай юм, бүү мэд” гэсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАХИЛГААНЫ НӨӨЦ ЭХ ҮҮСВЭРЭЭ АЖИЛЛУУЛАВ

Улаанбаатар хотод л цахилгаан тасарсан хэмээн албаны хүмүүс хэлж байхад орон нутагт энэ доголдлын улмаас таван аймаг харанхуй болсныг Эрүүл мэндийн яамныхан мэдээлэв. Тус яамыхан мэдээлэл хийхдээ “Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үзүүллээ.

Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, Улсын гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрээ ашиглан амжилттай хийсэн. Мөн нийслэлийн амаржих газруудад 28, ЭХЭМҮТ-д есөн эх хэвийн амаржсан. Хоёр эмэгтэй хийсвэр (Kесарево) хагалгаанд оржээ. Энэ үеэр таван аймагт цахилгаан тасарсан. Сүхбаатар аймагт 03.15 цагийн байдлаар эрчим хүч ирээгүй боловч эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилсэн. Бусад аймагт эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна” гэсэн юм.

Үүрэн холбооны операторууд мөн л өөрсдийнхөө нөөц эх үүсвэрийг ашиглаж, хэрэглэгчдээ ертөнцтэй холбоотой байлгасан. Хэрэвзээ цахилгаан дахиад дөрвөн цаг саатсан бол Монгол Улс тэр чигтээ гар утас, интернэтийн сүлжээгүй болж, XIX зуундаа эргэн очиж болзошгүй байлаа.

НИЙСЛЭЛ БҮХЭЛДЭЭ ХӨЛДӨХӨД ОЙРХОН БАЙНА

Цахилгаан саатсаны уршгаар өчигдөр УСУГ-ын үйл ажиллагаа доголдов. Ингээд нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын оршин суугчид тарвага шиг амьдрах шахлаа. Өчигдөр 15.00 цагийн байдлаар XIII хороолол, Монгол III сургууль орчим болон “Шинэ Налайх” хотхоны оршин суугчид усгүй байв. УСУГ-ынхны өгсөн мэдээллээр цахилгааны доголдол бүрэн арилаагүй учраас дүүргэлт хийж чадахгүй байгаа гэнэ. Орон сууцны конторт ус оччихсон хэдий ч айлууд руу шахаж чадахгүй байсан гэсэн үг.

Цахилгаан тасарсан эл өдөр айл өрхүүд халаалтаа авах ёстой байв. Гэвч тэр өдөр халаалтаа авсан айл цөөн. Пааранд ус шахсан ч зарим нэг ажил саатсаны улмаас халаалт өгөх боломжгүй, өнөөдрөөс зарим хэсгийн дулааныг залгана гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм. Бусдыг нь энэ сарын 20 гэхэд дулаантай болгоно гэсэн. Инженерийн шугамыг солих, шинэчлэхдээ айлуудын халуун усыг хязгаарлахгүй гэж хотын удирдлага хэлж байсан цаг саяхан. Мөн энэ сарын 15-наас өмнө өвөлжилтийн бэлтгэлээ базааж дуусгана хэмээсэн билээ. Гэтэл ам, ажил хоёр нь ачир дээрээ алд зөрчихөв.

Бүхэл бүтэн улсын нийслэл эрчим хүчний ямар нэг нөөцгүй, өвөл хаяанд тулчихаад байхад засварын ажлаа ч дуусгаагүй байгаа нь салбар хариуцсан сайд, эрх мэдэл бүхий дарга нартай холбоотой нь гарцаагүй. Хэрэв ид хүйтэн тачигнах үеэр цахилгаан саатсан бол нийслэлийн харьяа, иргэдэд үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа шууд зогсож, айл өрхүүдтэйгээ хамт хөлдөх нь. Иргэдийг тав тухтай амьдруулах үүрэгтэй байгууллагын нэг нь ч цахилгааны нөөц эх үүсвэргүй гээд бод доо. Нөхцөл байдал ийм байхад, өмнөх ажлаа ч дуусгаагүй байж хотын удирдлага газар ухахгүйгээр цэвэр ус, дулааны шугамыг засаж, доторлодог болно гэх “үлгэр” ярьсаар суух юм.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан билээ. Тэрбээр тухайн үед хэлсэн үгэндээ “...Бид энэ супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол, Хятадын хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэ цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт 5350 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм.

Мөн Монгол Улсаас БНХАУ руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно” гэсэн билээ. Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаа. Гэтэл эрчим хүчний салбарынхан нь ийнхүү алдаа гаргасан нь энэ салбарт хариуцлага алдагдсаныг илэрхийлж буй юм.

Түүнчлэн энэ салбарт улстөржсөн хэрүүл тэмцэл хэт их өрнөж, хөлөө жийлцсэний горын эхний сануулгыг бид уржигдар амссан гэхэд хилсдэхгүй. 15 жил ярьсан V цахилгаан станц, Тавантолгойн гээд эрчим хүчний олон төслийг улстөрчид унагасны гор нь энэ. Хувийн хэвшлийнхэн гадаадын компаниудтай хамтран мөнгөө босгочихоод газраа шийдүүлэх гэж олон жил хөөцөлдөөд бараагүй.

Өдгөө нэгэн хөрөнгөлөг байгууллагынхан өөрсдийнхөө компанид бүртгэлтэй орд газрыг түшиглэн цахилгаан станц барихын тулд Багануурын цахилгаан станцын төслийг гацааж буй талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. Ийнхүү улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьсаар байтал Улаанбаатар эрчим хүч, дулаангүй болж сөнөсөн хот болоход ойрхон байна. Өнгөрсөн бямба гарагт болсон эрчим хүчний доголдол манай улсын энэ салбар ямар ч баталгаагүй болсноо ойлгууллаа.

Дашрамд сонирхуулахад, манай улсын хэмжээнд 1978, 1982, 2006 онд эрчим хүчний “тэг” зогсолт болж, багагүй хэмжээний хохирол учирч байсан юм.


Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)