Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

“Монголын төмөр зам”, “Тавантолгой түлш” компанийн удирдлага Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэхэд хамтран ажиллах нь. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц өнгөрсөн баасан гаргийн байдлаар доод бүтцийн газар шорооных 99.8, ус зайлуулах 595 хоолойнх 99.6, 27 тусдаа гүүрийнх 84.4 хувьтай үргэлжилж байв. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “ТЭЗҮ-д тусгасны дагуу энэ төмөр замаар эхний жилд 10-15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна. Үүний 1.5-2 сая орчим тонн нь сайжруулсан түлшний түүхий эд байна” гэв. Тус тээвэрлэлтийг хийснээр Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн замын хөдөлгөөн багасаж, байгаль экологид эерэг нөлөө үзүүлэн, тээврийн зардлыг бууруулах аж. “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Бид сайжруулсан түлшний түүхий эдийг 600 км-ийн цаанаас автомашинаар татан авч байгаа. Улаанбаатараас Тавантолгой руу нүүрс ачуулах хоосон машин явуулдаг. Нэг удаа явахад нийт 1200 км зам туулдаг учир өндөр зардал гаргахаас гадна авто замын ашиглалт, эвдрэлтэй холбоотой асуудлууд гардаг. Автомашинаар сайжруулсан түлшний түүхий эд зөөвөрлөхөд тонн тутамд 65-70 мянган төгрөг зарцуулдаг. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ зардал тонн тутамд 25-30 мянган төгрөг болж буурах юм. Мөн нэг талдаа хоосон ачаатай автомашин явуулахгүй болсноор зардал гурав дахин буурах боломжтой” хэмээв.

Бэлтгэсэн: У.Түвшин 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)