“Зүсээ” хувилгасан сүрьеэ дийлдэхээ болих нь

Нийгмийн халдварт өвчин гэгдэх сүрьеэ монголчуудыг дарлаж байна. Нянгийн гаралтай, агаар дуслын замаар халдварладаг уг эмгэг хүний аль ч эрхтнийг гэмтээдэг бөгөөд голдуу уушгинд “үүрээ засдаг”. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн олонх нь насан туршдаа нянг нь тээж амьдардаг бол 10 хувь нь хүндээр өвчилдөг аж. 

Хүн амын нас баралтын I шалтгаан болж буй эл өвчнөөр 2018 онд 3498 хүн халдварласныг ХӨСҮТ-ийн судалгаанаас харж болно. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 24-нд тохионо. Мэргэжлийн байгууллагууд тоо баримт дэлгэж, ингэнэ, тэгнэ хэмээн ирээдүй цагт хаягласан олон захидал “бичих” нь ойлгомжтой. Жил бүр ямар нэгэн уриа дэвшүүлж, дээрх өдрийг “тэмдэглэх” зуурт ч сүрьеэгийн халдвар дууны хурдаар тархаж байна. Ялангуяа сүрьеэ “зүсээ хувилган”, эм бэлдмэлүүдэд тэсвэртэй болж, эмчлэх зардал нь талийж өгөв.

Хүний бие махбод сүрьеэгийн нянгийн эсрэг гол хоёр эмд эдгэрэхээ байвал өвчин хүндэрсэн гэж үзнэ.

2017 онд эмд мэдрэг (энгийн) сүрьеэтэй нэг өвчтөний эмчилгээний зардал 1224, олон эмд тэсвэртэйгийнх нь дундаж өртөг 7141 ам.долларт хүрчээ. Сүрьеэгийн эхний шатанд тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, хяналтгүй эмчилсэн, эмийг зохисгүй болон гүйцэт хэрэглээгүйгээс шалтгаалаад өвчин ийнхүү тэсвэржиж, бугшдаг байна.

2018 онд улсын хэмжээнд олон эмд тэсвэртэй сүрьеэтэй 2645 хүн бүртгэгдсэний 373 нь эмчилгээ хийлгэж амжилгүй нас баржээ. Хүүхдийн болон эмд мэдрэг сүрьеэтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцдаг. Харин олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмийн үнийн 80 хувийг олон улсын байгууллагын тусламжаар босгож байна. Тухайлбал, “Глобал” сан 2003 оноос хойш ХДХВ/ДОХ-ын чиглэлээр 24.4, сүрьеэгийн эсрэг 37.4 сая ам.долларын төсөл хэрэгжүүлээд буй.

Сүрьеэгээс сэргийлэх, баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг харгалзан, холбогдох албаныхан өнөө жил “Цаг нь болсон” уриа дэвшүүлэв. Сүрьеэг устгахад Засгийн газар, хандивлагч байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн зэрэг салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага чухал. Уг өвчний тархалт хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, улс үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүйг хүлээн зөвшөөрч, эрт илрүүлэх, халдвар авсан нь тогтоогдсон хүн бүрийг эмчилгээнд хамруулан, эдгэрэх магадлалыг 90 хувьд хүргэж, нас баралтыг 30 хувь бууруулах зорилт тавьжээ.

Үүний хүрээнд 2019-2022 онд сүрьеэг эрт үед нь илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах гэнэ. Мөн Засгийн газрын хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлж, санхүүжилтийг 2020 он гэхэд 80 хувьд хүргэх аж. Уг өвчин монголчуудыг ингэтэл нь туйлдуулах болсонд ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, бэлгийн замын халдварт өвчин, элэгний үрэвсэл, чихрийн шижин голлон нөлөөлснийг Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа гэрчилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)