Зүсээ хувилгасан гэмтнүүдийн орогнох “чөлөөт бүс” Монгол

Африкийн гэмт бүлэглэлийн төлөөлөл болох Азийз, Дон тэргүүтэй дөрвөн нигери манай улсын хилээр оруулж ирсэн их хэмжээний хар тамхийг хүлээж авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гараад тийм ч удаагүй байна. 

Багш, оюутан хэмээх гэгээн цагаан номын нэр өмнөө барьсан хар тамхины бүлэглэл Монголд эрх дураараа ажиллаж, амьдарч байсныг мэдэнгүүт энэ салбарт ер нь хяналт байна уу

гэдэг асуулт хэн хүнд төрсөн нь дамжиггүй биз.

Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх тухай эрх зүйн зохицуулалтын гол амин сүнс нь өндөр, нарийн мэргэжлийн хүмүүс авчирч, дотоод дахь боловсон хүчнээ чадавхжуулахад оршдог. Гэтэл манайханд үлгэрлэхүйц өндөр, нарийн мэргэжлийн ур чадвар эзэмших нь байтугай, их, дээд сургууль ч төгсөөгүй, ердөө л бүрэн дунд боловсролтой нөхөр ерөнхий боловсролын сургуульд багшилж байсныг энэ хэргийн ачаар хууль хяналтынхан илрүүллээ. Гадаадаас ирсэн болгон шилдэг сайн мэргэжилтэн биш, угтаа хонины арьс нөмөрсөн чоно ч байж мэдэхийг эл үйл явдал бэлээхэн харуулсан тул төрийн байгууллагууд ямар хариу үйлдэл үзүүлж буйг сонирхов.

Харьяаллынхаа дагуу ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвийн хаягийг хайсаар байж олоод “Яахаараа танай сургалтын төвд мэргэжлийн бус хүн багшилж байдаг юм бэ. Манайхаас заавал бүртгэлийн гэрчилгээ авч байж та бүхэн үйл ажиллагаа явуулах ёстой шүү” хэмээн үүрэгдэж. Гэвч “Бид компанийн зөвшөөрлийнхөө хүрээнд хэлний сургалт явуулж байсан юм” гэдэг тайлбар өөдөөс нь хэлсэн тэд албан ёсоор бүртгүүлэх, эсэх талаар өнөө хүртэл хариу өгөөгүй байгаа аж. Харин “Тольт” ерөнхий боловсролын сургуульд яагаад мэргэжлийн бус хүн багшлуулж байсныг хэн, хэзээ шүүж, цаашид иймэрхүү тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Үүнд БСШУСЯ-ныхан “Нийслэлийн харьяаны сургууль учраас нийслэлийн Боловсролын газрынхан үүнийг мэднэ” гэж хариулсан бол тус газрын дарга “Бид удахгүй төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиар хяналт шалгалт хийх гэж байгаа. Саяхан нийслэлийн бүх цэцэрлэгийг зургаан үзүүлэлтээр шалгаж дууссан. Үүнд багш нарын асуудал ч багтсан” гэлээ.

Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл боловсрол нь уул уурхай, олборлолт, барилгын дараа буюу эхний гуравт ордог аж. Багш гэсэн нэрийдлээр манайд хөдөлмөр эрхлэхээр ирдэг гадаад иргэд олон байгаа нь энэ талын хяналт шалгалт сул байдагтай ч холбоотой байж болох. Хэлний түр сургалтын төвүүдэд багшилна гэж виз даруулчихаад, энд ирэхээрээ гэрийн үйлчлэгч хийдэг филиппинчүүд бишгүйг салбарын мэргэжилтнүүд нуугаагүй билээ. ХХҮЕГ-аас авсан мэдээллээр энэ оны нэгдүгээр сард гадаадын 92 хүн манайд багшлахаар виз авчээ. Өнгөрсөн жил 600 хүнд багшаар ажиллах зөвшөөрөл олгосон байна. Гэвч үүнээс хэд нь гадаад хэлний сургалтын төвүүдэд, хэчнээн нь цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд багшлах гэж ирснийг нарийвчлан гаргадаггүй. Учир нь мэргэжлийн боловсролын салбар ХНХЯ-нд, бусад нь БСШУСЯ-нд хамаардаг бөгөөд эндээс бүх завхрал улбаатай мэт.

Багшаар ирж буй хүмүүст тавьдаг гол шалгуур болох мэргэжлийн үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдэх магадлал их гэдгийг манайхан өөрсдийн туршлагаасаа сайн мэдэх хойно. Хамгийн гол нь тухайн хүний мэргэжлийн диплом жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг хянаж шалгадаг, шаардлагатай гэвэл тухайн улсынх нь боловсролын байгууллагатай холбоо тогтоож, магадалдаг тогтолцоо чухал. Харин манайд энэ талын хяналт ямар байдаг юм бол. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь ХХҮЕГ. Тэд гадаад багш нартай холбоотой асуудалд төрийн захиргааны бусад байгууллагатайгаа яаж хамтарч ажилладгийг нь лавлахад “Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиуд гадаадаас багшлах боловсон хүчин авахдаа эхлээд БСШУСЯ-нд хандаж, дэмжих бичиг авснаа баримтан дундаа заавал хавсаргаж манайд ирүүлдэг. Үүнд нь үндэслэн бид зөвшөөрөл олгодог” гэв. Үнэхээр ч “Галакси” хэмээх ерөнхий боловсролын сургууль ОХУ-аас орос хэлний багш авах гэж буй хүсэлтээ тус газарт ирүүлснийг харахад шаардлагатай баримт бичиг дунд нь салбарын яамны “Дэмжих бичиг” хавсаргаастай байсан юм. “Энэ сургууль нь ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад ийм боловсон хүчин шаардлагатай байгаа тул дээрх багшийг Монголд хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгоно уу” гэсэн утгатай бичиг аж. Эрхбиш салбарын яамаар дамжсан тул дараа нь ямар нэг асуудал гарлаа гэхэд буух эзэн, буцах хаягтай гэж үүнийгээ үздэг бололтой. Гэхдээ одоогоор “Энэ хүний диплом хуурамч, эсэхийг шалгуулмаар байна” гэсэн гомдол салбарын яаманд ч, гадаадынхныг Монголд ажиллуулах зөвшөөрөл олгодог ХХҮЕГ-ынханд ч ирж, чихнээс нь хонх уяагүй гэх.

Харин янз бүрийн хэлний түр сургалтын төвүүдэд багшаар ирж байгаа гадаад иргэдийн хувьд асуудал нэлээд ярвигтай гэнэ. ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хэлний түр сургалтын төв 163 байдаг аж. Хэлний түр сургалтын төвүүдэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн дагуу тус яам хариуцдаг ч эргээд хяналтаа яаж хийх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт нь дутуу дулимаг байсаар байгааг харьяа агентлагийн мэргэжилтнүүд нь хэлсэн. Харин ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, гэрчилгээжүүлэлт, боловсролын баримт бичиг хариуцсан мэргэжилтэн “Хэлний сургалтын төвүүдэд манайхаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаар бид сунгалт хийдэг. Тэр сунгалтын үеэр бид тухайн байгууллагын үйл ажиллагаа, багшлах боловсон хүчин гээд бүхий л зүйлийг шалгадаг” гэв. Жирийн үед бол хааяа япон хэлний сургалтын төвийнхөн л тэдэнд хандаж “Манайх ийм нөхцөл байдлын улмаас гадаадаас багш авчрах шаардлагатай байна” хэмээн асуудлаа мэдэгддэг байна.

Мэргэжлийн боловсролын байгууллагаас зөвшөөрөл авсан хэлний түр сургалтын төвийн гадаад багш нар нэг, хоёр сарын хугацаатай визээр орж ирэх нь цөөнгүй. Тэр хооронд өнөөх багш хаана, яг юу хийгээд явж буйг хянах тогтолцооны тухай энд яриад байгаа юм. Ялангуяа дээрх “Ап лайн” шиг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүртгэлгүй сургалтын төв хэд байгаад, ямархуу “но”-той хүмүүсийг багшлуулж буйг иймэрхүү хэрэг явдлын дараа мэдсээр байх уу. Иймэрхүү хуурамч дипломтонгуудын манай руу орж ирдэг гол “хаалга” нь гадаад хэлний түр сургалтын төвүүд мөн гэдгийг цагдаагийнхан ч хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт хаана ч бүртгэлгүй сургалтын төвд ажиллах зөвшөөрөлтэйгөөр ороод ирсэн хойноо ерөнхий боловсролын сургуульд хүртэл давхар багшлаад явж болох хяналтгүй, эзэнгүй орон зай Монголд байгааг тэд гаргууд ашиглаж буйг дээрх жишээ нотоллоо. Ер нь явж явж багшлах гэж орж ирсэн хүн үнэхээр багшаа хийж байна уу, эсвэл зүсээ хувилгасан хар тамхины наймаачин байж уу гэдэгт хяналт тавих эрх, үүргийг найдаж тохоох байгууллага одоогоор Гадаадын иргэн, харьяатын газрынхнаас өөр байхгүй бололтой.

Гадаад хэлний түр сургалтын төвүүдтэй холбоотой бас нэг чухал асуудал бий. Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмын 3.1.3-т заасны дагуу боловсролын байгууллага гэдгээрээ тэд ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөгддөг. Угтаа бол хэлний түр сургалтын төвүүд нь цэцэрлэг, сургуулиас өөр, 100 хувь ашгийн байгууллага учраас гадаадаас ажилтан гэрээгээр авахдаа ажлын байрны төлбөрөө улсад төлдөг, хариуцлага үүрдэг байх ёстой гэдэг юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)