“Зүрх мартах учиргүй, дурсах үүрэгтэй юм билээ”

 “Уран бүтээлч хүн гэдэг бодсон юмаа бүгдийг нь хүн төрөлхтөнд орхиж чаддаггүй. Хагасыг нь авч мөнх бусыг үзүүлдэг. Миний хувьд ил орхиод явсан юм тархинд минь үхэх юмнаас их байгаасай гэж боддог”  хэмээн Б.Лхагвасүрэн гуай 1998 оны арванхоёрдугаар сард “Ардын эрх" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Арван жилийн ширээнд тохой залан суусан балчир насандаа “Боржигоны бор тал” шүлгийг нь цээжлэн шүлэг, яруу найргийн тухай ойлголттой болж байсан сан. Тэр үед монгол хэл, уран зохиолын ангийн ханан дахь зохиолчдын хөрөг л хайрын захианаас илүү сонирхол татдаг байлаа. Хожим их сургуулийн оюутан болж хотод ирээд, царай төрх нь дотно тэдний хэд гуравтай нь л гар барьсан сан. Зарим нь одоо эзгүй л...

 Харин өчигдөр би “Боржигоны бор тал”-ын хүү Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” номын хуриманд очсон билээ. Түүний номын хуриманд Ардын Уран Зохиолч П.Бадарч, СГЗ, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, түүний номын их садан төрлүүд төдийгүй хэвлэлийнхэн ирсэн байв.  Түм түжгэнэж, бум бужигнасан их хотын гудманд танилцсан үеийн нөхдийн хамт танхимд ортол;

Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн 

Ижийнхээ ачийг ч яалаа даа… хэмээх дууг дуулж байлаа. Хаа нэг хүмүүсийн нүдэнд ус гүйж, зарим нь нулимсаа шудраад зогсож байхыг олж үзээд нулимсаа нууж зүрхэлсэнгүй. Энэ дуу ихийн их нулимснаас бүтсэн дуу байх. Шүлгийг нь бичиж суухдаа Лхагвасүрэн  гуай уйлж нэг дуулж нэг дуусгасан болов уу гэсэн цагаахан бодол тархи нөмөрнө. Мөн тэрбээр Монголын ард түмний сонсох дуртай  “Зүүдний говь”, “Чи бидэн хоёр”, “Үүлэн цэнхэр хангай”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Эр хүнийг хайрлаж яваарай” зэрэг олон сайхан дууны шүлгийг бичсэн билээ.

Түүний хүү Л.Хасар номын хуримын үеэр  “Тэмдэглэлийнх учраас гүйцэд дуусгаагүй шүлэг олон бий. Монголын залуу болон ирээдүйн яруу найрагчид, уран бүтээлчдийн бүтээлд хувь нэмрээ оруулах судалгааны ном болно байх гэж бодож байгаа” гэж хэлсэн юм. Орхиод явсан юм тархинд минь үхэх юмнаас их байгаасай гэсэн түүний хүслийг хүү нь биелүүлж буй мэт бодогдоно. Учир нь Хасар ах аавынхаа хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүдийг эмхэтгэж  энэхүү номыг бүтээсэн юм. Зүрх мартах учиргүй. Дурсах үүрэгтэй юм билээ.

Дэлхийг би сөнөхгүй гэж итгэдэг...

Хүүгээ би ухаантай гэж итгэдэг...

Дэргэд нь би удна гэж итгэдэг...

Хүүгээ намайг үргэлжлүүлнэ гэж итгэдэг.

Чамайг байгаа болохоор, би дуусахгүй гэж итгэдэг...

Чамайг байгаа болохоор, би зовохгүй гэж итгэдэг...

Чамаар л би бахархана... гэж итгэдэг...

Чамаар л би баярлана... гэж итгэдэг  (Б.Лхагвасүрэн “Морин зэрэглээ” номоос)

 Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)