Зүрхний согогийг эмчлэх “гар мухар” зүтгэл

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрх судасны кабинетын диспансерын байнгын хяналтад өдгөө зүрхний төрөлхийн гажигтай 2432 хүүхэд байна. Тэдгээрийн 30 орчим хувь буюу 882 нь гадаад, дотоодод хагалгаанд орж, эмчлүүлсэн хүүхдүүд. Харин бусад нь хүнд, хөнгөн хэлбэрийн зүрхний гажигтай, зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд дарааллаа хүлээж буй “азанд найдагсад”.

Учир нь манай эмч нар зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг л өөрсдөө эмчилж буй болохоос хүнд хэлбэрийн буюу хавсарсан гажигтай хүүхдүүдийн хагалгааны хувьд гадаадын эмч мэргэжилтнүүдийг царайчлахаас өөр арга байдаггүй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Гадаадад эмчлэгдэх өвчний жагсаалт”-д орсон ч тэр бүр гадагшаа явж, хагалгаа хийлгэх боломжтой айл Монголд ховор. Тиймээс тэд гадаадын элдэв шашны болон хүмүүнлэгийн байгууллагад хандан зардал олох, эсвэл “Америк, Солонгосоос эмч нар хэзээ ирж, манай хүүхдэд үнэгүй хагалгаа хийж өгөх бол” гэж хүлээх хоёр сонголттой тулгардаг.

ЭХЭМҮТ-ийн жагсаалтад байгаа 2432 гэдэг тоо Монгол Улсын хэмжээн дэх зүрхний төрөлхийн гажигтай нийт хүүхдийн бүртгэл биш бөгөөд цаана нь дахиад “бүртгэлд ороогүй салааныхан” хэд байгааг мэдэхгүй гэдгээ мэргэжилтнүүд нуугаагүй. Манай улсад жилд дунджаар 60 гаруй мянган хүүхэд төрдөг, тэднээс 600 гаруй нь зүрхний төрөлхийн гажигтай гэж оношлогддог гэсэн “хуурай” тоо л сүүлийн жилүүдэд сонсогдох болсон.

Бүхэл бүтэн улс атлаа ядаж сүүлийн 10 жилд зүрхний төрөлхийн гажигтай хэчнээн хүүхэд Монголд төрсөн, энэ нь өмнөх онуудтай харьцуулахад ямар үзүүлэлттэй байгаа, тэднээс хэд нь, хаана хагалгаанд орж эдгэрсэн, хэчнээн нь дахиад мэс засал хийлгэх шаардлагатай гэх мэтчилэн нэгдсэн мэдээлэл судалгаа ч үгүй сууж байна гэдэг гайхмаар.

“Сүүлийн жилүүдэд гадаадын сайн санаат хүмүүс, хүмүүнлэгийн болон шашны байгууллагуудын зардлаар ийш тийшээ явж эмчлүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэхдээ манайхтай гэрээтэй ажилладаггүй, зарим байгууллага хаана, хэдэн хүүхдийг ямар эмчилгээнд явуулсан тухай мэдээлэл нь байдаггүй тул хагалгааны дараах хяналт, үзлэг хийхэд бидэнд хүндрэл учирдаг. Тиймээс энэ бүхнийг улсын хэмжээнд нэгтгэн, хянадаг бүртгэл мэдээллийн тогтолцоотой байх нь чухал” хэмээн ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Т.Болормаа ярилаа.

Ямартай ч одоо баттай мэдэгдэж байгаагаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай 152 хүүхэд манайд байгаа аж. Гэвч эмч боловсон хүчин дутагдалтай, сүүлийн үеийн, чанартай аппарат, тоног төхөөрөмж хомс, хагалгааны өрөөний орчин нөхцөлийг сайжруулах мөнгө төгрөггүй Монголд байгаа тул эдгээр хүүхдийн хувьд яаралтай гэдэг үг хэдий хугацаагаар хэмжигдэхийг таашгүй.

Өнгөрсөн сард зүрхний хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай 41 хүүхдэд “аз” таарч, үнэгүй хагалгаанд орохоор Хятад руу явсан шиг боломж тэдэнд хэзээ гарах бол. Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран, зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдийг урд хөршид үнэ төлбөргүй эмчлэх төсөл хэрэгжүүлж, багачууд эхнээсээ хагалгаандаа явсан нь тэр.

“Дараагийн ээлжинд бид явчих болов уу” хэмээн өдөр хоног бүхэнд горьдлого тээж буй тэдний өмнүүр шинээр төрөх дүү нар нь “оочер дайрахгүй” гэх баталгаа алга. Учир нь манайд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж, олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарах болжээ. Дэлхий нийтэд 1000 амьд төрөлтөд зүрхний төрөлхийн гажигтай 8-12 тохиолдол байвал хэвийн гэж үздэг.

Харин ЭХЭМҮТ-д нэг жилийн хугацаанд төрсөн 10.300 гаруй нярайд нарийвчилсан шинжилгээ хийхэд 240 орчим нь зүрхний эмгэгтэй, үүнээс 75 хувь нь төрөлхийн гажигтай байжээ. Энэ нь 1000 амьд төрөлтөд 18-20 тохиолдол буюу дэлхийн дунджаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт гэсэн үг. Хэдийгээр эмч нар үүнийг оношилгоо сайжирсантай холбон тайлбарлаж буй ч тэглээ гээд санаа амрах шалтгаан энэ биш билээ. Ингэхэд Монголд зүрхний төрөлхийн гажиг нэмэгдэх болсон шалтгаан нь юу юм бол.

“Монголд үүнээс л болоод зүрхний төрөлхийн гажиг нэмэгдээд байна” гэж хэлэх тухайлсан ноцтой шалтгаан, хүчин зүйл үгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд ярилаа. Угаасаа энэ өвчний шалтгааныг дэлхий дахинд ч нарийн тогтоож чадахгүй, үүнээс хэрхэн сэргийлэхээ ч мэдэхгүй байгаа нь асуудал үүсгэж буй гэнэ. Ургийн хөгжлийн 2-8 долоо хоногтойд зүрх бүрэлдэн тогтдог бөгөөд энэ үед гаднын ямар нэг гаж нөлөөллийн улмаас бүтэц нь өөрчлөгдөх тохиолдол байдаг аж.

Зонхилох шалтгаан нь вирусийн гаралтай халдвар буюу улаанууд өвчин, жирэмсний эрт үед эх нь вирусээр үүсгэгдсэн ханиад хүрэхээс эхлээд цацраг туяаны нөлөө, эмийн замбараагүй хэрэглээ, ажлын хортой нөхцөл гээд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг гэнэ. Үүн дээр мэдээж архи, тамхины замбараагүй хэрэглээ, агаар, хөрсний бохирдол гээд хүрээлэн буй орчны нөлөөлөл ямар нэг хэмжээгээр нэрмээс болдог байна.

Тэгэхээр энэ өвчний хувьд “Яагаад, юунаас болоод нэмэгдчихэв”, “Эрт илрүүлэлт, оношилгоо сайн байгаа юм чинь аргагүй шүү дээ”, “Яаж урьдчилан сэргийлэх вэ” гэх мэтээр тал талд буруутныг хайж, цаг алдах хэрэггүй гэлтэй. Хамгийн гол анхаарал хандуулах зүйл нь хугацаа алдахгүй, хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ гэдэг асуудал л юм байна.

Одоогоос 43 жилийн өмнө П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг байгуулж, төрөл бүрийн эмгэгтэй хүүхдүүдийг асарч тойлж ирсэн түүхтэй. Зүрхний мэс заслын, унтуулгын, зүрх, уушги орлох аппаратны эмч, хагалгааны сувилагч гээд 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 2005 оноос АНУ-ын эмч нартай хамтран ажиллаж, зүрхний хавсарсан гажигтай 100-гаад хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж, амьдрал бэлэглэсэн.

Мөн мэсийн бус аргаар 80 гаруй өвчтөний зүрхний төрөлхийн гажгийг эмчилсэн. Хамгийн чухал нь америк эмч нар олон улсын стандартын дагуу хийгддэг зүрхний хоёр төрлийн мэс заслын шинэ технологийг Монголд нэвтрүүлсэн гавьяатай билээ. Тус эмнэлгийнхэн америкчуудаас гадна солонгос, япон, энэтхэг, хятад эмч нартай хамтран, илүү олон хүүхдийг эх орондоо болон гадаадад үнэгүй эмчлүүлж, монгол гэр бүлүүдийг сэтгэлийн шаналангаас ангижруулахаар зорьж буй.

Зүрхний мэс заслын салбарын хүнд хэцүүг нуруундаа үүрч яваа Улсын гуравдугаар төв эмнэлгийнхний ачаанаас ЭХЭМҮТ-ийнхөн хоёр жил гаруйн өмнөөс үүрэлцэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд тэд япон эмч нартай хамтран 200 хүүхдийн зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг мэс заслын бус аргаар эмчилсэн байна.

Амьдралынх нь эхний долоо хоногт багтаж, туслах мэс засал хийхгүй бол амь насыг нь аврах боломжгүй хүүхэд цөөнгүй төрдөг тул цаашид тус төвд энэ хагалгааг хийдэг болох шаардлага зайлшгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд нь хэлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй ангиографийн аппарат авснаа ЭХЭМҮТ-ийн өргөтгөл буюу Ажиа гэгээний барьж өгсөн эмнэлэгт суурилуулсан. Одоо тэдэнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж нь уушги, зүрх оруулах аппарат тул хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдүүлэх хүсэлтээ ЭМЯ-нд гурав дахь жилдээ тавьж буй гэнэ.

Зүрхний хүнд хэлбэрийн төрөлхийн гажигтай 300 гаруй монгол хүүхдэд эрүүл энх амьдрал бэлэглэсэн “Туул ротари” клубийнхэн ч цаашид нярай хүүхдүүдийг гадаадад эмчилгээнд явуулах бус, дотооддоо эмчилдэг болоход нь дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн тул тэднийд бас давхар ханджээ.

Уушги, зүрх оруулах аппараттай болсноор бүх зүйл шийдэгдэхгүй, мэс заслын вакуумжсан орчин бүхий тасаг тохижуулах хөрөнгөөс эхлээд эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах шаардлага тулгарна. Солонгост зүрхний хавсарсан хүнд хэлбэрийн гажгаа эмчлүүлэхээр мэс засалд орсон монгол хүүхэд “ECMO” хэмээх зүрх орлуулах аппаратын ачаар бүхэл бүтэн есөн өдрийн дараа амьдралтай дахин шинээр “мэндчилсэн” гэдэг.

“Энэ хүүхэд одоо нэмэргүй бололтой. Аппарат ч хүрэлцэхгүй байна, салгачих уу” хэмээн эцэг, эхийнх нь “голыг гогдон” яарч хэлэхгүйн тулд эмчийн хүн ёсны сэтгэл, төр, засгийн хөрөнгө хүч, зүтгэл аль аль нь чухал. Үүний тулд төрөөс, даатгалын сангаас ч их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэхдээ алийн болгон гадаадын эмч нар, буяны байгууллага, сүмийнхнийг царайчилж суух вэ.

“Манайх л энэ өвчнийг эмчилж чадна, танайх болохгүй” гэж монгол эмч нар дотроо талцаж, хуваагддаг хандлага ажиглагддаг. Гэхдээ бяцхан үрсийн минь амь нас минут, секундээр хэмжигддэг энэ тохиолдолд чадах чадахаараа хамтраад, зүрхний төрөлхийн гажгийг Монголдоо бүрэн эмчилдэг болох зорилт яагаад тавьж болохгүй гэж.

Монгол хүүхдүүдэд амьдрал бэлэглэхийн тулд гадаадаас эмч нар сайн дураараа, өөрсдөө зардлаа гаргаад ирж болоод байхад манай эмч нар яаралтай үед нэг эмнэлгээс нөгөө рүүгээ ирж, очихоос түвэгшээмээргүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)