Зүрхний гажигтай зургаан хүүхдийг БНСУ-д ҮНЭГҮЙ ЭМЧЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Манай улсад жилд дунджаар зүрхний гажигтай 500-600 хүүхэд төрж, тэдний тэн хагас нь хагалгаа хийлгэхээр харь улсыг зорьдог гэсэн тоо бий. Өдгөө манай эмч нар зүрхний тосгуур хоорондын таславчны цоорхойг бөглөж, ховдол хоорондын таславчийг нөхөх зэргээр хөнгөн хэлбэрийн гажгийг өөрсдөө эмчилж дөнгөөд байгаа. Гэхдээ өвчтэй хүүхэд бүрийг эмчлэх боломжгүй.

Тэгвэл дэлхийн 127 оронд төвтэй, БНСУ-ын “Сэлвэшн арми” төрийн бус байгууллага 2008 оноос манайд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулан, зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчлүүлж ирэв. Тэд жил бүр 5-10 хүүхдийн эмчилгээний зардлыг 100 хувь дааж, БНСУ-ын “Данвон” эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ удаа зүрхний эмгэгтэй зургаан хүүхэд сонгохоор болжээ.

“Данвон” эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч нар өчигдөр Төв аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, зүрхний гажигтай 1-7 насны, 50 гаруй хүүхдийг үзэж, оношилсон юм. Өвчний үе шат, эдгэрэх магадлал, амьдралын боломж зэргийг нь судалж, эдэн дундаас зургааг нь л БНСУ руу авч явна. Сонгогдсон хүүхдүүдийг ирэх даваа гаригт мэдээлж, зургадугаар сарын сүүлчээр хилийн дээс алхуулах аж.

“Сэлвэшн арми” төрийн бус байгууллагын нийгмийн халамж хариуцсан дэд дарга Пак Чан Гил “Өнгөрсөн хугацаанд 61 монгол хүүхдийн амийг аварч, амьдрал бэлэглэлээ. Бидний үндсэн зорилго буурай орны иргэд, тэр дундаа зүрхний өвчтэй хүүхдүүдэд түлхүү тусалдаг” гэсэн бол Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхэд, өсвөр үе хариуцсан ерөнхий зохицуулагч Д.Одончимэг “Манай хүүхдүүдэд амьдрах урам зориг хайрласанд баярлалаа. Хүүхдийн эрүүл мэнд маш чухал.

Мөн эмч нарыг маань гадаадад сургаж, мэргэшүүлж буй” хэмээв. БНСУ-д хоёр жилийн өмнө хагалгаа хийлгэсэн Б.Билэгжаргал хүү өдгөө 10 нас хүрчээ. Тэрбээр “Би зүрхээ эмчлүүлээд одоо өвдөхөө больсон. Олон хүний хүч, сайхан сэтгэлийн ачаар эдгэрсэн гэж ээж маань хэлдэг” гэж ярилаа.

“Сэлвэшн арми” төрийн бус байгууллага Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд өдөр өнжүүлэх төв болон цэцэрлэг (нийт 180 хүүхэд явдаг) үнэгүй ажиллуулдаг юм байна. Түүнчлэн хөдөлмөрийн насныхныг суралтад хамруулан, мэргэжилтэй болгож буй аж. Амьдралын боломж тааруу, тусламж дэмжлэг шаардлагатай, өвдөж зовсон хүмүүст гараа сунгадаг тэд өнгөрсөн хугацаанд Монгол, Вьетнам, Камбож, БНХАУ зэрэг орны 784 хүүхдийг үнэгүй эмчлүүлж, эдгээжээ. Ингэхдээ нэг хүүхдийн эмчилгээний төлбөрт дунджаар 40-45 сая төгрөг зарцуулсан байна.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)