Зээлээр “амьдардаг” Шивээ-Овоо

“Шивээ-Овоо” компанийн уурхайн аманд ажиллаж буй бүх машин механизм түр зогслоо. Хүнд даацын автомашинууд уурхайн амыг чөлөөлөв. Уурхайд тэсэлгээ хийхэд үйл ажиллагааны дүрмийн дагуу ингэдэг аж. Тэсэлгээний багийнхан улаан өнгийн утас татаж, тэсрэх бодис хийсэн цооногуудыг холбож бэлтгэжээ. Одоо тушаал өгөхөд нүүрсний давхарга дэлбэрнэ. Уурхайчид богино долгионы станцаар холбогдож, аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа тэслэх дохио өгөв. “Пан” хийх чимээ гарч, хар тортог манаруулан, газрын гадарга үл ялиг чичирхийлэн нүүрсний давхарга бутарлаа. Тус компанийн ашиглалтын технологийн инженер Б.Эрдэнэбаяр “Манай уурхайн лицензтэй талбайд газрын гүний хөдөлгөөний улмаас хөрсний гулгалт болсон. Гулгалтыг нэмэгдүүлэхийн тулд 1.5 баллаас илүү чичирхийлэлтэй тэсэлгээ хийхийг хориглосон. Тиймээс бага багаар тэсэлгээ хийж, хөрсөө хуулан, нүүрс олборлож байна” гэж тайлбарлав. “Шивээ-Овоо” компани тэсрэх бодисын машинтай болж, найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулдаг болжээ. Ингэснээр хөрөнгө хэмнэж, олборлолтын зардлаа бууруулж байгаа гэнэ.

“Шивээ-Овоо” компанийн уурхайчид нүүрсний тэсэлгээ хийлээ

Тэсэлгээний дараа бүх машин механизм асаж, ажилдаа оров. “БелАЗ” маркийн 130 тоннын даацтай машинууд хөрс тээвэрлэнэ. Тэднийх ийм гурван машинтай. Мөн 55 тоннын даацтай “БелАЗ”, CAT брэндийн машинуудын зарим нь хөрс, тал нь мөнөөх тэсэлсэн нүүрсийг тээвэрлэж эхэллээ. Тэднийх хөрсийг нь хуулж, 1.1 сая тонн нүүрс олборлоход бэлтгэсэн гэнэ. Экскаватор, хүнд даацын машинууд шоргоолж мэт зогсоо зайгүй ажиллана. 550 ажилтантай тус уурхай хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй ажилладаг. Компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин “Манайх улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад оролцдог уурхай. Тиймээс нэг цаг ч сул зогсож болохгүй” гэж хэлсэн. “Шивээ-Овоо” компани жилд хоёр сая тонн нүүрс олборлож байгаа. Үүнийхээ 300 мянган тонныг Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгаас гадна Замын-Үүд, Хөтөлийн дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг аж. Олборлосон нүүрснийхээ 85 хувь буюу 1.7 сая тонныг нь “ДЦС-4” лүү ачуулдаг. Энэ нь “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 50 хувь юм. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг дангаараа хангадаг хамгийн чухал “ДЦС-4” станцад саатал гарахад бараг орон даяараа харанхуй болсныг санаж байгаа биз. Шивээ-Овоогийн уурхай зогсвол Монгол Улс эрчим хүчний сааталд орно. Эл жишээгээр Шивээ-Овоо маш чухал уурхай гэдгийг товчхон тайлбарлаж болно.

Уурхайн амны хана шат шиг үелсэн байдаг. Тус уурхайн амны хана зарим хэсэгтээ бараг хад, чулуун хясаа шиг ганга болжээ. Хөрсний нуралт үүсэж мэдэх тул энэ бол технологийн алдаа юм. Уурхайн ерөнхий инженер Г.Гэрэлхүү хөрсний хоцрогдол 2011 оноос хойш үүссэнээс ийм нөхцөл байдал бий болсныг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хөрс хуулалтаа технологийн дагуу хийж чадаагүй гэсэн үг. Энэ нь хөрөнгө санхүүтэй холбоотой. Тэднийх олсон хэдэн төгрөгөө уурхайг хэвийн ажиллуулах бусад зардалдаа зарцуулж, олон жил хөрс хуулалтаа хоцрогдуулжээ. Одоогоор технологийн алдаагаа засахын тулд 2.7 сая шоо метр хөрс хуулах шаардлагатай гэнэ. Ингэхийн тулд 7-8 тэрбум төгрөгийн зардал гаргах учиртай.

“Шивээ-Овоо” хувьцаат компани нэг тонн нүүрсийг 31 мянган төгрөгийн өртгөөр олборлож байна гэсэн тооцоо хийжээ. Тэгвэл “ДЦС-4”-т тонн нүүрсээ 27 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Ингэхээр нэг тонн нүүрснээс 4000 төгрөгийн алдагдал үүрч буй юм. Тэднийх өнгөрсөн жил 450 сая төгрөгийн балансын алдагдалтай ажилласан гэсэн санхүүгийн тайлан гаргажээ. Өртгөөсөө 4000 төгрөгөөр бага үнээр нүүрсээ борлуулж байна гэхээр үүнээс ч илүү алдагдал хүлээмээр. Тэгвэл Ц.Энхтүвшин захирал “Техникийн эвдрэлээс шалтгаалж, хөрс хуулалт хоцорсон. Ингээд алдагдал бага гарсан хэрэг” гэж товчхон тайлбарласан юм. Шивээ-Овоогийн ордын нүүрсний нөөц газрын гүн рүү шургасан тогтоцтой. Одоогоор 80-90 метр зузаан хөрс хуулж нүүрсээ олборлож байна. Тэгэхээр энэ компани зардлынхаа дийлэнхийг хөрс хуулахад зарцуулдаг нь ойлгомжтой.

Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо уурхайгаас станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг тогтоодог. Станцуудад нүүрсээ өртгөөсөө хямд үнээр нийлүүлж байна гэсэн гомдол саналыг “Шивээ-Овоо”-гоос гадна “Багануур”, “Шарын гол” компани гаргадаг юм. Тонн нүүрсний үнийг хэдэн төгрөгт хүргэвэл “Шивээ-Овоо” компани, технологийн алдаа дутагдалгүй ажиллах вэ гэж лавлалаа. Уурхайн удирдлага “Ядаж өртөгтэй нь ижил хэмжээнд хүргэх хэрэгтэй байна” гэж хариулсан. Тэгэхээр тонн нүүрсний үнийг дор хаяж 4000 төгрөгөөр нэмэх шаардлагатай байх нь.

Уг компани олон жил санхүүгийн хүндрэлтэй явж иржээ. Борлуулж буй бүтээгдэхүүнийх нь үнэ өртгөөсөө хямд байхаар алдагдал үүрэх нь гарцаагүй. Энэ бол бизнесийн хууль. “Зээл авч, өр тавьж л уурхай маань хэвийн ажиллах горимоо хангаж, төр, түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна” гэж “Шивээ-Овоо”-гийн удирдлагууд ярьсан. Нийт 120 тэрбум төгрөгийн өртэй гэхээр үнэхээр зээлээр “амьдардаг” нь тодорхой. Нийт өрийнх нь 73 тэрбум төгрөгийг урт хугацаат зээл эзэлдэг. Өдгөөгөөс 20 жилийн өмнө манай улс Японы Засгийн газартай хамтарч “Монгол нүүрс” төсөл хэрэгжүүлсэн. Ингээд Японы Засгийн газраас зээл авч, хэдэн уурхайн техникийг шинэчилсний нэг нь “Шивээ-Овоо”. Уг нь зээл авахдаа манай Засгийн газар нүүрсний үнийг үе шаттайгаар, компани өрөө дарах боломжийн хэмжээнд нэмнэ гэж амлажээ. Гэвч нүүрсний үнийг нэмэх амлалтаа хэрэгжүүлэхгүй байсаар өр төлбөр нь ийн хуримтлагдсан байна. Засгийн газар өнгөрсөн жил 132 дугаар тогтоол баталж, нүүрсний уурхайнуудын Японоос зээлсэн мөнгийг хөрөнгө оруулалт гэж тооцохоор болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлбэл “Шивээ-Овоо”-гийн өр нимгэрэх юм. Ингэснээр компанийн ирээдүйд томоохон дэмжлэг болох нь гарцаагүй.

“Шивээ-Овоо” компани 18.3 тэрбум төгрөгийн машин механизмын лизингийн зээлтэй. Аж ахуйн нэгж, байгууллагуудад 11.5 тэрбум төгрөгийн өглөгтэй. Толгой компани буюу “Эрдэнэс Монгол”-д дөрвөн тэрбум, мөн татварт адил хэмжээний, нийгмийн даатгалд 800 сая төгрөгийн өртэй аж. Тэднийх өнгөрсөн жил дөрвөн 55 тоннын даацтай CAT брэндийн машиныг зээлээр авчээ. Энэ жил дахин хоёр CAT авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Мөн 20 жил ажилласан өрмийн машинаа халж, гурван тэрбум төгрөгөөр шинэчилсэн байна. Бас л өр тавьж авсан гэнэ. Олон жил “хөдөлсөн” техникүүд нь байсхийгээд засварт орж, сэлбэг хэрэгсэл “нэхэж”, зардал нэмэх болжээ. Уурхайчид шинээр авсан техникүүд маань л ажлын хүндийг нугалж байна гэж ярьсан. Тэднийх хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэнэ лээ.

“Шивээ-Овоо” компани 13 тэрбум төгрөгөөр нүүрс хатаах технологийн алдаатай үйлдвэр бариад, мөнгө үрэн таран хийсэн гэсэн шүүмжлэлд өртдөг. Үнэхээр ч барьсан үйлдвэрт нь технологийн алдаа гарч, олон жилийн өмнө ажлыг нь зогсоожээ. Гэхдээ ганц үйлдвэр барихад 13 тэрбум төгрөг зарцуулаагүй аж. Хоёр км туузан дамжуулга барихад уг хөрөнгөөс зарцуулжээ. Одоогоор туузан дамжуулга нь хэвийн ажиллаж, нэлээд зардал хэмнэж буй гэнэ. Тэднийх Монголд туузан дамжуулгаар нүүрс тээвэрлэдэг цорын ганц компани. Нүүрс нь устай холилдсон, 43 хувиас дээш чийгшилтэй байдаг учраас хатааж илчлэгийг нь дээшлүүлэх зорилгоор энэ үйлдвэрийг барьжээ. “Шивээ-Овоо” компани 3000 килокалориос дээш илчлэгтэй нүүрс “ДЦС-4”-т нийлүүлэх үүрэг хүлээдэг. Ерөнхийдөө нүүрснийх нь илчлэг сул учраас хаягдал багатай ажиллаж, илүү ашиг олох гэсэн санаачилга нь ингээд талаар болсон хэрэг. Хатаах үйлдвэрийг зогсоосны дараа тэднийг газрын гүнээс нэвчих усыг худаг гарган соруулж авч, чийг харьцангуй багатай нүүрс олборлодог болсон байна.

“Шивээ-Овоо” компанийнхан хуулсан хөрсөө туузан дамжуулгаар тээвэрлэж, зардлаа хэмнэх, угаах үйлдвэр барьж, нүүрснийхээ илчлэгийг нэмэгдүүлэн, илүү үр ашигтай ажиллах судалгаа хийж эхэлжээ. Ашиггүй ажилладаг, санхүүгийн том дарамттай энэ компанид шинэ төсөл хэрэгжүүлэх нь магадгүй “мөрөөдөл” байх. Гэхдээ зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ. Ц.Энхтүвшин захирал “Нүүрсний үнийг нэмэхээс гадна компанийг эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллуулах нэг гарц нь уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн хэд хэдэн цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр болсон ч нэг ч биеллээ олоогүй байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)