Зээлийн хүүг улстөрч хууль гаргаж бууруулдаггүй


Банк, санхүүгийн байгуул­лагууд өндөр хүүтэй зээл өгч, мөнгө хүүлж байна гэх хандлага сүүлийн үед газар авлаа. Улстөрчид нөлөөллөө, мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан энэ цаг үед дээрх сэдвийг бүр ч их дэвэргэж байх шиг. Эрх мэдэлтнүүд, улстөрчид, гишүүд жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авдаг. 

Ард түмэн жилийн 20, 30, 40 хувийн хүүтэй зээл авдаг, энэ бол мөнгө хүүлэлт гэж “хашгирах” хүмүүс ч олширлоо. Нөгөө талаар зарим улстөрч зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль хүртэл санаачилж, “гоё” харагдахаар оролдож эхлэв.  Ард иргэдэд зээлийн хүү бага байх тусмаа л сайн. Гэхдээ зөвхөн иргэдэд таалагдахын тулд зээлийн хүүгээр оролдож, хууль гаргана гэж зүтгэх нь тийм ч зөв зүйл биш юм.

Эхлээд зээлийн хүү яаж тогтож байгаа вэ гэдгээ нарийн сайн ойлгомоор байгаа юм. Улстөрчид зөвхөн хадгаламжийн хүүтэй л холбож тайлбарлаад байгаа юм. Өндөр хүүтэй хадгаламж татдаг, тэр нь бараг хэвшил болчихсон. Нэгэнт өндөр хүүтэй мөнгө татаж, хадгалж байгаа учраас зээлэхдээ илүү өндөр хүү тогтоохоос өөр сонголттой гэж ярьж, иргэдэд ойлгуулдаг. Зээл гэж чухам юу юм, яаж хүүг нь тогтоож байгаа талаар эхлээд нарийн ойлгох хэрэгтэй биз дээ.

Зээл санхүүгийн бүтээгдэхүүн. Микро эдийн засаг талаас нь авч үзвэл шүү дээ. Харин макро түвшинд авч үзвэл эдийн засгийн эрсдэлийн хэмжүүр.  Хоолтой зүйрлэвэл та бидний иддэг талх гэж бодъё.  Та талхыг мөнгөөр худалдаж авдаг. Шинэ, амтлаг, зүссэн талхаа зүгээр бэлэглэх үйлдвэрлэгч гэж байхгүй. Түүнтэй адил зээлээ танд зүгээр өгөх банк байхгүй нь ойлгомжтой. Төлбөрт нь хүү авна. Талхыг хүнсний үйлдвэрийн ажилчид хийж байгаа. 

Талхаа хийхийн тулд гурилын үйлдвэрээс гурил авна. Цаашлаад гурилаа зуурах ус, дотор нь хийх орц хэрэгтэй болно. Жигнэхийн тулд зуух ашиглана. Зуухаа ажиллуулж, халаахад цахилгаан хэрэг болно гээд олон шат дамжлагатай. Яг үүнтэй адил зээлийн хүүг тогтоох олон орц байдаг. Банкны зээлийн хүүг тогтоохдоо үйл ажиллагааны болон эрсдэлийн зардал, ашгаа тооцно. Түүний хажуугаар бусад зардал гэж бий.

Дээрээс нь хадгаламж­ийн хүүгээ хадгаламж эзэмшигчиддээ буцааж өгөх шаардлагатай болно.  Тиймээс зардлаа нөхөж, эрсдэлээ тооцож, ашгаа харж байж зээлийн хүүг тооцож гаргана гэсэн үг. Макро эдийн засгийн түвшинд олон эрсдэл гарна, тэрийг ч тооцох ёстой болдог. Инфляцийн болон ажилгүйдлийн түвшин, валютын ханшийн савлагаа, төлбөрийн тэнцэл гээд тоочоод байвал их. Энэ бүгдийг тооцож байж банк зээлийн хүүгээ тогтоож байгаа юм.

Үүнээс үзвэл банкууд өндөр хүүтэй мөнгө зээлж, мөнгө хүүлж байна гэж дүгнэх боломжгүй гэсэн үг. Тэгээд ч мөнгө хүүлэлт гэдэг нь огт үндэслэлгүй эсвэл хуулиар хориглосон хэмжээнээс өндөр хүүгээр мөнгө зээлж байгааг хэлдэг.  Банкны зээлийн хүү үндэслэлтэй тогтож байгаа учраас энэ тодорхойлолт руу гулгуулах боломжгүй. Тоо баримт сөхөж харвал, 1990-ээд оны эхэнд Монголд зээлийн жигнэсэн дундаж хүү 300 хувь давж байжээ. 

Харин 2000 оны эхээр 40 хувьтай байсан. Түүнээс хойш буурсаар одоогоор  жилийн 18-19 хувьтай байна.  Энэ бол харьцангуй өндөр хувь. Хүү ингэж өндөр тогтож байгаад дээр дурьдсан бүх шалтгаан нөлөөтэй. Гэхдээ хадгаламжийн хүү, эрсдэлийн сангийн нэмэгдэл хамгийн их нөлөө үзүүлж бай­гаа талаар Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл ярьжээ. 

Тэр­бээр “Сүүлийн жилүүдэд эдийн засгийн орчин таагүй байсантай холбоотойгоор нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 15 хувь орчимд хүрсэн нь зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн зардлыг нэлээд өсгөсөн” гэж тэмдэглэжээ. Банкны салбарын мэргэжлийн холбооноос гаргасан банкны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын тайлангаас харахад ч түүний яриаг баталж өгнө.

Тодруулбал, тус тайланд “II улиралд банкны системийн хэмжээнд 26.3 тэрбум төгрөгийн алдагдал бүртгэгдсэн нь банкуудын зээлийн эрсдэлийн сангийн өсөлттэй холбоотой байв. Тодруулбал,  2018 оны зургадугаар сард банкууд нийт 275 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь алдагдал бүртгэх гол шалтгаан болсон байна” хэмээн бичсэн байгаа юм. Хадгаламжийн хүүгийн тухайд сүүлийн 10 жилийн дунджаар 12 хувь байгаа гэсэн тоон баримт байна. 

Дахиад  Б.Түмэнцэнгэл захирлын ярилцлагаас иш татъя. Тэрбээр “Нэг талаас хадгаламж өөрөө ховор бараа тул эрэлт өндөр.  Нөгөө талаас макро орчин тогтворгүй, инфляци ч харьцангуй өндөр, ханш савлагаатай байсаар ирсэн нь хадгаламжийн нэрлэсэн хүүг өндөр түвшинд тогтоож байна” гэж дүгнэжээ. Өнөөдөр Монголд хадгаламжтай хүн хэд билээ.  Банкууд хадгаламж татахын тулд хүүгээрээ өрсөлдөхөөс өөр сонголтгүй болчихсон гэж хэлэхэд буруудах юмгүй. Тэгэхээр зээлийн эрсдэл багасч, хадгаламжтай иргэдийн тоо ихэсвэл зээлийн хүү буурах боломжтой гэж дүгнэж болохоор байгаа юм.  

Улстөрчид зээлийн хүүгийн хязгаар тогтоосон орнууд дэлхийд олон байгаа талаар жишээ татдаг.  Дэлхийн банкны гишүүнчлэлтэй 152 орны 61 нь зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон байдаг аж.  Африкийн орнуудын 50 хувь нь буюу 24, Латин, Америк, Карибын тэнгисийн орнуудын 48 хувь нь буюу 14 нь зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон судалгаа байна. 

Ихэнх улс хэт өндөр зээлийн хүүгээс хамгаалах, хэрэглэгчдийг хамгаалах гэсэн ойролцоо шалтгаанаар дээд хязгаар тогтоож өгсөн байдаг аж. Гэвч хязгаар тогтоож өгсөн Африк тивийн орнуудын  ДНБ-д зээлийн эзлэх хэмжээ бага, санхүүгийн хүртээмж бага, зээлийн хүртээмж муу байгаа гэсэн судалгааны дүн байдаг. 

Харин Латин, Америкийн орнуудын хувьд ДНБ-д зээлийн эзлэх хэмжээ бага, банкны системийн өрсөлдөөн сул байдаг. Цаашлаад зээлийн хүртээмж, зээлд хамрагдах хүмүүсийн тоо ч бага.  Хэрвээ манай улс зээлийн дээд хязгаар тавьж, хууль гаргавал ийм л зам руу үсэрч орно. 

Монголын банкууд хамгийн эрсдэл багатай, найдвартай зээлдэгч хайж ядаж байгаа энэ үед зээлийн хүүгийн хязгаар тогтоочихвол энгийн иргэдэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг төгрөгийн зээл олдохгүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст цалингийн зээл өгөхөд ч хэцүү болно. Тиймээс өөр эрүүл аргаар, эдийн засгийн тогтвортой өсөлтөөр, өрсөлдөөнөөр зээлийн хүүг бууруулах хэрэгтэй юм биш үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)