Зээлийн хэлэлцээрийн хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, байнгын хороодод шилжүүллээ. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Улсын тэмдэгтийн хураамжийн, Соёлын өвийг хамгаалах, Шинжлэх ухаан, технологийн, Гамшгаас хамгаалах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэв. Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бөгөөд үүнийг хийх үүрэг бүхий түр хороог Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулав.

МОНГОЛ УЛС 50.8 САЯ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ, 120 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

Дараа нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Европын комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг татвараас чөлөөлөх хүсэлтийг Европын Холбооноос тавьсан аж. Гишүүдийн олонх үүнийг дэмжиж, дээрх хуулийг баталлаа.

Манай улсын гадаад өр энэ оны зургадугаар сарын байдлаар 30.8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 19.1 тэрбум нь аж ахуйн нэгж, компанийнх аж. Харин 1.7 тэрбум ам.доллар нь арилжааны банк, 2.1 тэрбум нь Монголбанк, 7.9 тэрбум нь Засгийн газрын өр байгааг Сангийн сайд энэ үеэр тодотгов.

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталж, 2020 оны дөрөвдүгээр сараас гишүүн орнууддаа хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Үүний хүрээнд Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор тохиролцож, дээрх хэлэлцээрийг байгуулсан аж. Зээлийг 16 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нь гурван жил чөлөөлөгдөх нөхцөлөөр, 1.1 хувийн хүүтэй авах гэнэ. Олон улсаас урт хугацаатай, хүү багатай хөнгөлөлттэй зээл авч байгааг дэмжиж буй ч үүнийгээ төсвийн алдагдлыг нөхөх болон үр ашигтай зарцуулахад анхаарахыг гишүүд хэлсэн юм. Ингээд Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталсан юм.

Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээр (“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус ассоциацаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Засгийн газарт олгохоор болжээ. Үүний 10 саяыг нийгмийн даатгалын шимтгэлийн татан төвлөрүүлэлт, 6.5 саяыг арилжааны банкаар дамжуулан 5-10 сая төгрөгийн, 10-11 хувийн хүүтэй зээл олгоход зарцуулах аж. Уг зээлд 1400 орчим бичил бизнес эрхлэгч хамрагдаж, 4000 орчим ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ. Ингээд дээрх хуулийн төслийг 66 хувийн саналаар баталлаа.

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзлээ. Уг төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжээгүй юм. Тухайн үед санал хураалтад гишүүд идэвхгүй, хайнга хандсанаас дэмжигдээгүйг холбогдох гишүүд хэлж байлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Нийгмийн даатгалын шимтгэлээс Хувийн тэтгэврийн санд шилжүүлэх дөрвөн хувийг өөрчлөн тогтоож болно. Энэ төслийг хэлэлцэхийг дэмжвэл Засгийн газраас удахгүй өргөн барих тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой хуулийн төсөлтэй нэгтгэж, гол зарчмуудыг нь тусгана” гэдгийг энэ үеэр онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)