Зэсээс хоёр дахин илүү үнэтэй гянтболдоо “гүйлгэж” чадах уу

Технологи хурдацтай хөгжин, дэлхий нийтэд уул уурхайн техник, тоног төхөөрөмж, автомашины эрэлт өссөн сүүлийн 10 гаруй жилд вольфрам буюу гянтболдын хэрэглээ тасралтгүй нэмэгджээ. Энэ хэрээр уг металлын үнэ өссөөр 2011-2012 онд хамгийн оргил цэгтээ буюу нэг тонн баяжмал нь 45-55 мянган ам.долларт хүрсэн байна. Харин өдгөө 14 000 орчим “ногоон”-оор нийлүүлж буй нь хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлийн үнэлгээнээс хоёр дахин багассан дүн аж. Баяжмал дахь гянтболдын агууламж өндөр байхын хэрээр үнэ нь нэмэгддэг гэнэ. Улмаар нэг тонн цэвэр бүтээгдэхүүн 90 000 хүртэлх ам.доллароор хэмжигдэх боломжтой.

...Хэрэв гянтболдын үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг өсгөж чадвал нэг тонн баяжмалынх нь үнэ одоогийн ханшаар нүүрснээс 200, зэсийн баяжмалаас хоёр дахин өндөр байгаа учраас эдийн засгийн өндөр өгөөжтэй байх нь ойлгомжтой...

Манай улс энэ онд 620 гаруй тонн гянтболдын баяжмал экспортлохоор төлөвлөсөн ч эхний есөн сарын байдлаар 20 орчим тонныг БНХАУ-ын зах зээлд нийлүүлжээ. Энэ нь 2019 оны 1-9 дүгээр сард 373.4 тонныг нийлүүлсэн дүнгээс 95 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Уг металлын олборлолт, экспорт ийнхүү огцом багасахад томоохон хоёр уурхай болох, Баян-Өлгий аймгийн Ховд гол орчмын ордын нөөц дууссан, Төв аймгийн Цагаандавааны уурхай цар тахлын улмаас гадаадаас ажиллах хүч авч чадалгүй үйл ажиллагаагаа түр зогсоосон нь нөлөөлжээ.

Байгальд вольфрам нь шороон болон үндсэн орд хэлбэрээр оршдог. Ерөнхийдөө хүдэр, чулуутай хамт байх нь элбэг бөгөөд шороон орд дахь гянтболдыг ашиглах нь үндсэн ордынхоос хялбар байдаг. Өдгөө манай улс нэг тонн гянтболдын баяжмалыг 14-15 мянган ам.доллароор нийлүүлж байгаа ч агууламж өндөртэй, цэвэр бүтээгдэхүүнийх нь үнэ 40-80 мянган “ногоон” хүртэл өсөх боломжтойг Ашигт малтмал, газрын тосны газрын ашигт малтмалын баяжуулалт, технологи хариуцсан мэргэжилтэн Х.Лхагвабаатар дурдсан. Түүнчлэн дэлхийн зах зээлд уг металл үнэ цэнтэй хэвээр байж, эрэлт ихсэх хандлагатайг тооцон, ирэх таван жилд, жил бүр 0.7-1 мянган тонн бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөжээ. Харин төлөвлөгөөний биелэлтэд нөөцийн хэмжээ баталгаатай биш байгаа нь асуудал дагуулж буй. Мөн вольфрамын ордууд суурин газруудаас хэт алслагдсан нь цахилгаан, шатахууны зардлыг өсгөн, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусдаг байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид энэ төрлийн металлын хайгуул, ашиглалтыг сонирхох нь багасан, нэмж уурхай нээгээгүй гэнэ. Тодруулбал, сүүлийн таван жилд вольфрам олборлох аж ахуйн нэгжийн тоо өөрчлөгдөөгүй гэсэн. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож буй нь хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулах нэг шалтгаан болж буйг Х.Лхагвабаатар тэмдэглэсэн. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь буюу 25 нь 2019 онд сул зогссон тухай тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ. Эдгээрийн есийнх нь хөрөнгө оруулалт саатсан, тав нь техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай, гурав нь нөөцийн хэмжээгээ ахиулах зорилгоор ашиглалтын үеийн хайгуул хийхээ мэдэгдсэн байна.

Одоогоор манай улсад долоон аймгийн 43 ордод, 34 аж ахуйн нэгж гянтболд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. Нөөцийн хэмжээг 1049.8 сая тонн гаруй гэж тооцжээ. Гэхдээ эл дүнг нь бусад металлын хольцтой хэмжээ буюу гянтболдын цэвэр нөөц биш гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрынхан онцолсон. Дээр дурдсанчлан гянтболд олборлох зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж бий нь уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй нийт компанийн хоёр хувьтай тэнцүү дүн гэнэ. Улмаар вольфрамаас олсон орлого эрдэс баялгийн борлуулалтаас төвлөрүүлсэн хөрөнгийн нэг хувьтай тэнцжээ. Гянтболдын борлуулалтаас манайх 2018 онд 2.3, өнгөрсөн жил 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол хүдэр болон баяжмал нийлүүлсний өртөг буюу нэг тонн нь 15 000 ам.доллароос хэтрээгүй бүтээгдэхүүний үнэ. Хэрэв вольфрамын агууламжийг өсгөн, аль болох цэврээр нь үйлдвэрлэн, экспортоо өсгөж чадвал борлуулатын нэг жилийн орлогыг хэд дахин нэмэх боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн нэгжүүд эрдэс баялагийн нөөц ашигласны төлбөрийг гянтболдын борлуулалтын үнэлгээний таван хувиар тооцож улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Мөн гянтболдын зах зээлийн үнэ нэг тонн нь 45 000 ам.доллароос давсан үед хүдэрт тав, баяжмалд дөрөв хүртэлх хувийн нэмэлт төлбөр ноогдуулдаг. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, хайгуул, олборлолт хийх эрэлтийг бий болгон, таатай орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд дурдаж байв.

Хэрэв гянтболдын үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг өсгөж чадвал нэг тонн баяжмалынх нь үнэ одоогийн ханшаар нүүрснээс 200, зэсийн баяжмалаас хоёр дахин өндөр байгаа учраас эдийн засгийн өндөр өгөөжтэй байх нь ойлгомжтой.

Гянтболдын хэрэглээ, үйлдвэрлэлээр Хятад дэлхийд тэргүүлж буй. Тус улс сүүлийн гурван жилд дунджаар жил бүр 75 000 тонн вольфрамын баяжмал болон цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлсэн нь дэлхийн хэрэглээний 80 орчим хувьтай тэнцэх аж. Уг металл алмааз, титаны дараа бичигдэхүйц хатуулаг чанартай бөгөөд 3400-гаас дээш хэмд хайлдаг, зэвэрдэггүй, дулаан шингээх чадвар өндөр зэрэг нь үнэ цэнтэй таваарын тоонд оруулдаг. Үүгээр турбин хөдөлгүүр, дулаан шингээгч хийцүүд, гагнуурын гагнаас, цахилгаан гэрлийн тусгаарлагч, бүх төрлийн галт зэвсгийн эд анги, сумны дарь хийдэг. Экспортын хэмжээгээрээ БНХАУ-ын дараа Вьетнам, ОХУ, Боливи, Австри улс багтажбайна. 2019 онд дээрх орнууд 12 350 тонныг үйлдвэрлэн, нийлүүлжээ. Гянтболдын томоохон үйлдвэрлэгчид тооцогдож байсан Канад 2016 оноос вольфрамын уурхайнуудынхаа тоог цөөрүүлж, нийлүүлэлтээ танасан нь Африк тивийн зарим орон уг зах зээл рүү ороход нөлөөлжээ. Өдгөө Бүгд Найрамдах Конго Улс нь уг металлын олборлолт, баяжмал үйлдвэрлэлийн хэмжээгээ жил ирэх бүр ахиулж, дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүрч буй гэнэ. Гэвч тус улсад гянтболдын хууль бус олборлолт өргөжин, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй нь олон улсын ажиглагчдын шүүмжлэлийг дагуулах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)