Зэсийн ханш уруудсаар 5840 ам.долларт хүрэв

Тонн зэсийн ханш сүүлийн нэг жилд (ам.доллароор)

Монгол Улсын экспортын голлох хоёр бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ хямдарсаар байна. Уг таваарын хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсын импорт наймдугаар сард өмнөх сарынхаасаа 6.7 хувиар багасаж, 420 мянган тоннд хүрсэн тухай “Reuters” уламжлав. Цаашид АНУ, БНХАУ-ын худалдааны дайны талаарх ямар мэдээлэл гарахыг хөрөнгө оруулагчид анхааран ажиглаж буй агаад энэ нь зэсийн ханшид нөлөөлөх хүчин зүйлсийн нэг билээ. Тухайлбал, энэ нь дэлхийн зэсийн хэрэглээний бараг 50 хувь нь ногддог урд хөршийн эрэлтэд нөлөөлөхийг “Wood Mackenzie” мэдээлэв.

Өчигдөр Лондоны металлын биржид суурь металлын үнэ 0.4 хувиар хямдран, тонн нь 5900 ам.доллароос ч доошилж, 5840-д хүрэв. Ер нь он гарснаас хойш уг таваарын үнэ нийт 20 орчим хувиар хямдраад байгаа юм. Уг нь өнгөрсөн зургадугаар сард тонн нь 7348 “ногоон”-той дүйж, сүүлийн дөрвөн жил хагасынхаа дээд түвшинд хүрээд байлаа. “Зах зээл “хувирамтгай”, зэсийн ханш цаашид хэрхэхийг таамаглахад бэрх” хэмээн “Marex spectron” компанийн шинжээч өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)