Зэсийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрэв

Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцдаж буйтай холбоотойгоор зэсийн ханш өнгөрсөн даваа гарагт сүүлийн хоёр жил гаруйнхаа доод түвшинд хүрсэн. Тэгвэл өчигдөр дахин уруудсаныг “Reuters” уламжиллаа. АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх долоо хоногт “БНХАУ-ын импортын барааны татварыг нэмэхийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Дэлхийн нийт зэсийн хэрэглээний бараг тал хувь нь урд хөршид

ногддог юм. Эдийн засгийн “барометр” гэгддэг уг таваарын ханш Лондоны металлын биржид хямдарч, тонн нь 5640 орчим ам.долларт хүрсэн нь 2017 оны зургадугаар сараас хойших доод түвшин аж. Мөн тус биржид гурван сарын дараа нийлүүлэх зэсийн үнэ өчигдөр 0.2 хувиар хямдарч, тонн нь 5673 “ногоон”- той дүйсэн нь 2017 оны тавдугаар сараас хойших хамгийн бага дүн боллоо. Харин найдвартайд тооцогддог алтны спот ханш даваа гарагт хоёр хувиар өсөж, унци нь 1469 ам.доллартой тэнцсэн нь сүүлийн зургаан жилийнх нь дээд түвшин болсныг CNBC онцолж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)