“Зэргэлдээх ертөнц”-ийн улс төр

ХУУЛИАС ГАДУУРХ ӨРСӨЛДӨӨН

“Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигч нь сонгуулийн сур­талчилгаагаа санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгана” гэсэн хуулийн заалттай. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон­гуулийн сурталчилгаа ирэх сарын 6-наас эхэлж, 24-нийг дуустал үргэлжлэх юм. Сонгуулийн сур­талчилгаа албан ёсоор эхлээгүй ч албан бусаар аль хэдийнэ гараа­наас гарч, хүчээ авчихаад байна. Хууль, дүрэмтэй, зөрчил гаргавал зөвшөөрлөө түдгэлзүүлэх хүртэл шийтгэлтэй тул буух эзэнтэй, буцах хаягтай, албан ёсны хэв­лэл мэдээллийн хэрэгслүүд далд болон сөрөг сурталчилгаанд бол­гоомжтой хандаж буй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн ха­маг хар бараан бүхэн, хуулиас гадуурх “дайн” нийгмийн сүл­жээнд өрнөж байна. Учир нь бо­дит ертөнцтэй хаяа залган орших болоод удаагүй ч аль хэдийнэ хү­лээн зөвшөөрөгдөж, хүчирхэгж­сэн сошиал ертөнцөд хууль ёс, дүрэм журам, ёс зүй гээд ямар ч хэм хэмжээ байхгүй. 

Бодит амьдрал дээр хүн биеэ хэд хувилж чаддаггүй бол “зэргэлдээх ертөнц”-д хэдэн ч дүрийг бүтээж, хэчнээн ч хүн (хаяг) бий болгож болдог нь аймаар. Бидний бий болгосон энэхүү бодит бус ертөнцөд нэр ус, зураг хөрөг нь зохиомол, ард нь хэн байгаа нь мэдэгдэхгүй хэрнээ олон нийтийн дунд нэр нөлөөтэй болсон “Танхай эмээ” гэх мэтийн хуурамч хаяг цөөнгүй бий. Айж, эмээх, ичиж зовох зэрэг хүнд байх наад захын мэдрэмжээс ангид тэр хуурамч хаягны цаанаас амандаа орсноор хүнийг гүтгэж, доромжилж, түүнийгээ олон хүнд түгээж чаддаг нь нийгмийн сүлжээний аюул. 2016 онд нэг худал мэдээллийг фэйсбүүкээр хоёр сая хүн үзсэн тухай Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн мэдээлэлд дурдсан байсан. Нийгмийн сүлжээнээс үнэн мэдээлэл ялгаж олох хэцүү. Ялангуяа сонгуулийн үед. Өдөрт хэдэн арваараа баталгаагүй, хуурамч, худлаа мэдээлэл урсах хэрнээ үүнийх нь төлөө хариуцлага хүлээлгэсэн тохиолдол үгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ийм орчныг нэгнээ “харлуулах” бохир өрсөлдөөний талбар болгоод байна.

Нийгмийн сүлжээг анх сонгуулийн сурталчилгаанд ашигласан хүн нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гэдэг. Тэрбээр 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө фэйсбүүк, твиттерийг амжилттайгаар ашигласан юм. Манай улстөрчид харин энэ тал дээр туршлага нимгэн. 2012 оны сонгуульд мэр сэр ашиглахыг оролдсон ч төдийлөн амжилт олоогүй. Тэр үед интернэт хэрэглэгчдийн тоо ч цөөн байсан нь нөлөөлсөн биз. Өдгөө “Монгол Улсын гурван хүн тутмын хоёр нь интернэт ашигладаг. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.5 сая хүн интернэт хэрэглэж байв. Энэ нь долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 22 дахин, дөрвөн жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөн үзүүлэлт. Хөдөлгөөнт интернэт буюу гар утсаараа интернэтэд холбогдож буй хэрэглэгчдийн тоо ч жилээс жилд өссөөр буй. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 3.1 сая ухаалаг гар утас ажиллаж байна. 100 хүний 58 нь хөдөлгөөнт интернэт хэрэглэж байгаа нь дэлхийд өндөрт тооцогдох үзүүлэлт” гэсэн тоог Харилцаа холбооны зохицуулах хороо гаргажээ. Мөн Монгол Улсад фэйсбүүкийн 1.7 сая идэвхтэй хэрэглэгч бий тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна.

Мэргэжлийн байгууллага ийм тоо гаргасан болохоор улстөрчид нийгмийн сүлжээнд онцгой анхаарал хандуулах болсон хэрэг. Өнгөрсөн онд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ихэнх хар пиар нийгмийн сүлжээгээр тарсан билээ.

СОШИАЛЫН УЛС ТӨР ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРЭЭС ХАЛИХ НЬ

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хамаг хар бараан нь мөн л бидний бий болгосон бодит бус ертөнцөд өрнөх нь илэрхий байна. Одоохондоо нэр дэвшигчдийн яс үндэс, боловсрол, мэдлэг гэсэн тийм ч сонирхолтой бус, улиг болсон сэдвээр шуурч байна. Цаашид юу л гарч ирэх бол гэхээс яс хавтайна. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр улс төрийн намуудын пиарчдын хийдэг ажлыг сонгогчид андахаа больж. Санал хураах өдөр ойртох тусам өрсөлдөөн, нэгнээ муухай харагдуулах хар пиар ширүүсэж, байж болох хамгийн бохир аргаар гутаан доромжилдгийг нь мэддэг болсон. Санаанд оромгүй зүйл гарч ирэх тусам үүнээс ч илүү зүйлийг үзүүлнэ дээ гэсэн хүлээлт, сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр санал хураах өдөртэй золгодог болоод нэг бус сонгуулийг үджээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч өмнөхөөсөө илүү гарна уу гэхээс дутахгүй нь тэдний төлөвлөгөөнөөс илэрхий. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нэгэн намынхан “Мэдээллийн нэгдсэн дата бааз бүхий хяналт, дүн шинжилгээний төвийг байгуулж, сонгуулийн бэлтгэл хангана. Нээрээ, эд нар чинь муу зүйл, буруу юм хийгээд байгаа юм байна гэдэг ойлголтыг нийгэмд тарих хэрэгтэй”, “Бид том хэмжээний медиа контент хаустай гэрээ хийснээр мэдээллээ монгол хэрэглэгчдэд хүчээр үзүүлж болно. Мөн сэтгэгдэлд хяналт тавина. Нууцлал хийнэ. Устгахгүйгээр бусад хүмүүст харагдахгүй болгоно” гэхчилэн ярьж буй бичлэгээ алдсан нь ойрын хэдэн өдөр нийгмийн сүлжээнд тарлаа. Уг бичлэгт монголчуудын цөөнгүй хэсгийнх нь хэрэглээ болсон скайп, вайбер, вичат зэрэг харилцааны хэрэгслүүдийг онилсноо ярьж байна билээ. Тэгэхээр энэ удаагийн болон ирэх сонгуулиудын нийгмийн сүлжээн дэх өр- сөлдөөн фэйсбүүк, твиттерээс хальж, илүү өргөн хүрээнд өрнөдөг болох төлөвтэй.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ЗАНГАРАГТАЙ ӨРСӨЛДӨӨСЭЙ 

Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн Төрийн тэргүүний чиг үүргийг тодорхойлсон. Төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болохоор өрсөлдөж буй хүмүүс хар бараан гүжир гүтгэлгээр нийгмийг талцуулах бус, ёс зүйтэй, жудагтай өрсөлдөхийг бие биедээ уриалж, үүнийгээ ажил хэрэг болговол эерэг пиар, нэмэх оноо болох ч юм бил үү. Угаас бухимдалтай байгаа нийгмийг дэмий зүйлээр талцуулахын оронд арай өөр арга барилаар ажиллах талаар пиарчид нь бодоосой. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)