З.Энхболдын шийдвэрт “хэлмэгдэгсэд”

АН-ын шинэ даргыг гишүүд нь маргааш тодруулна. Гэвч З.Энхболд даргын шийдвэрээр зарим гишүүн санал өгөх, АН-ын шинэчлэлд оролцох эрхээ хасуулав. Энэ сарын 6-нд төв байрандаа бүртгүүлсэн 16 мянга орчим гишүүний бүртгэлийг хүчингүй болгох шийдвэрийг тэрбээр гаргасан юм.

Тус намын дүрмийн дагуу эхлээд анхан шатны байгууллагадаа бүртгүүлэх ёстой байсан аж. Уг шийдвэрийн дагуу “хэлмэгдсэн” гишүүдийн нэг нь М.Батчимэг гэнэ. Тэрбээр “Намын төв байранд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийхээ төлөө миний бие даргын сонгуульд санал өгөх эрхгүй болжээ” хэмээн жиргэсэн байна.

Даргын сэлэм гялалзаж, олон гишүүний эрхийг цавчаад хаячихсан нь энэ. Үүнээс болоод АН-ын байрны гадаа “хэлмэгдсэн” гишүүд нь жагсаал хүртэл хийгээд авав.

Харин тэр зуурт хэргийн эзэн хаа нэг тийшээ “ажлаар” явчихсан байсан гэх.

Нэр дэвшигчдээсээ онцлон буруутгах, гишүүдийнхээ санал өгөх эрхийг хасах гээд З.Энхболд ч бужигнуулж өгч байна аа. Эвлэж нэгдэхийг уриалчихаад өөрөө ардуур нь эсрэг алхам хийлээ гэсэн шүүмжлэл ч түүнийг чиглэж эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)