З.Энхболдын стресс ба Н.Алтанхуягийн тэсрэлт

Цагдаа, хүчний байгууллагынхан айдастай байна. Тэр дундаа З.Энхболд “Би хэнийг ч томилдоггүй, ямар ч томилгоо хийдэггүй. Цагдаагийн дарга, шүүх, прокурорын томилгоог хэн хийдгийг бүгд мэдэж байгаа” гэх утгатай үг хэлснээс хойш энэхүү өөхөнд боолттой чулуунд оногдсон эрхмүүд бүр ч эмзэглэх болов.

Эрх баригч намын фракц хоорондын тэмцлийн хөлд хамгийн ихээр өртөж буй нь цагдаа, шүүхийнхэн болохоор арга ч үгүй. АН-ыг татаж унагахдаа тулаад буй эл зөрчил Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын таарамжгүй байдлаас эхтэй. Жил гаруйхны өмнө хоорондоо үгсэн, Н.Алтанхуягийн Засгийн газрыг хавсайдан унагаж асан Ц.Элбэгдорж, З.Энхболд нар өдгөө чоно, хонь мэт болж хувирсан нь үгэнд үг нуун нэг нэгнийгээ онилсон тэдний дайралцаанаас тодорхой харагддаг.

Ирэх 2017 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах учиртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн баруун гар болох З.Энхболдод АН-ыг атгуулахдаа байдал иймдээ тултал доройтно гэдгийг тооцоолоогүйн гай өдгөө өндрөө аваад байгаа нь энэ юм.

Тухайн үед Ц.Элбэгдорж орныхоо хүнээр З.Энхболдыг бэлтгэж, Ерөнхийлөгчийн сэнтийг 2021 он хүртэл АН-д өвлүүлэхээр төлөвлөж буй талаар улс төрийн хүрээнийхэн сэм шивнэлдэж байсан билээ. Гэвч УИХ-ын дарга хийгээд эрх баригч АН-ын дарга хэмээх хэт их эрх мэдлийг атган суугаа З.Энхболдын бүрэн эрхийн хугацаа Ц.Элбэгдоржийнхоос ч богино байх төлөв ажиглагдаж эхлэв. Учир нь АН сонгуульд ялагдахад ойрхон, хагарч бутрахад бүүр ч ойрхон болоод байна.

Албан тушаалын хүчээр, дээр нь сонгуулийн зүг шахаж буй цаг хугацааны хүчин зүйлээр АН-ыг тогтоон барьж буй З.Энхболдын хэмжээгүй их эрх мэдэл Ч.Сайханбилэгийг хүүхэлдэй мэт харагдуулж, Ц.Элбэгдоржийн хүчийг сулруулж, фракц хоорондын зөрчилд гал нэмэх учир шалтгаан болоод буй нь бодит байдал юм. Эрхэм спикерийн дэргэд парламент бачимхан, Үндсэн хуулийн цэц багахан, Засгийн газар балчирхан, Ерөнхийлөгч бяцхан харагдаж, үүний үр дүнд зөрчил улам бүр гаарав.

Тэглээ гээд З.Энхболдын нэр хүнд өсөхөөсөө илүү уруудав. Мөн чанараа ч бас нөхөд хийгээд нохдодоо хангалттай таниуллаа. “АН фракцгүй нам боллоо” хэмээн мэдэгдсэн түүний үг өдгөө хадны цуурай мэт замхран одож, хамтрагчдынх нь дундаас бүлэглэл төрөх энүүхэнд болов.

Өвлийн турш дуншсан АН-ын хагарлыг Эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг эвгүйхэн илчилж, Н.Алтанхуягийн өчигдөрхөн хийсэн мэдэгдэл бүрэн утгаар нь уудлан тавилаа. Тодруулж хэлбэл, АН арван толгойт атгаалжин хар мангас шиг уураа багтааж ядан уухилан байна. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга, Ч.Сайханбилэг нарын савлагааг даган саармагжиж буй АН-ын нэр хүнд өдөр өнгөрөх тусам өрөвдөлтэйгөөр унаж, үүнийг даган Монгол төрийн үнэлэмж уруудав.

Тэдний энэ хагарлыг фракц хоорондын тэмцэл гэхээсээ илүүтэй эдийн засгийн бүлэглэлүүдийн зодоон хэмээх тайлбарлах нь ч бий. Юутай ч Н.Алтанхуяг өөрийн байр суурин дээрээ өдгөө ч зогссоор буй гэдгээ гэнэтийн мэдэгдлээрээ нотлон харуулж, Ч.Сайханбилэг З.Энхболдоос хамааралгүйгээр эдийн засгийн дэс дараатай алхмууд хийн, улстөрчийн хувьд арга замаа тодорхойлж, Ц.Элбэгдорж форумын индэр дээр уур бухимдлаа тайчин хаяж, Д.Дорлигжаваас шинэхэн фракцын үнэр ханх тавьж, Х.Баттулга гудамжнаас ч тэмцэж чадна гэдгээ нотлон... АН-ын голлох лидерүүд тус тусдаа тоглолт өрнүүлэн, тэр тоолонд хаяагаа хадрах болов.

Тэглээ гээд хэнийх нь ч нэр хүнд хийгээд нөлөөлөл өссөнгүй. Харин ч гэрлийн хурдаар унаж, гэнэтийн дайралтад хэн нь ч өртөж болзошгүй эгзэгтэй үе эрчимжлээ. Үе үе их баривчилгаа өрнүүлдэг Ц.Элбэгдорж, эрх мэдлийн эвгүй тулган шаардалтаар намаа торгоох гэж оролдож буй З.Энхболд, төмөр замын салбараар хөшүүрэгдэн уул уурхайн хөгжлийг хоёр ч Засгийн газар дамнуулан атгасан Х.Баттулга нарын хэн хэн нь нийгэмд эргэлзээ төрүүлдэг этгээдүүд болж хувирав.

Нөгөө талаас АН Засгийн эрх барьж байх үед хийсэн гол бүтээн байгуулалтууд Н.Алтанхуягийн үед өрнөсөн явдал намын даргынх нь хувьд З.Энхболдын нэр хүндийг сүүдэрлэх бас нэг шалтгаан болон харагдаж, Норовын хүүгийн үед эвлэлдэн нэгдэж чадсан эв эеэ тус намынхан санагалзах болсон нь Ц.Элбэгдоржийн үйлдлүүдийг буруутгах шалтаг болон үзэгдэж байгааг дурдах хэрэгтэй. Энэ мэтээр эрх баригч намыг МАН болон МАХН-тай бус, харин голлох улстөрчдийг хооронд нь харьцуулан уралдуулах хүртлээ АН нэгэн цул улс төрийн хүчин хэмээх статусаа үнэн хэрэгтээ албан бусаар алдав.

АН-ын нэг эд эс болох МоАХ болон Х.Баттулга “Жудагт Монгол” хөдөлгөөнийг бараадан гудамжинд гарч, сөрөг хүчин гэдэг нэр сүрийг ёс төдий зүүж ирсэн МАН-аас ч хүчтэй ажиллаж эхэлсэн нь үүнийг гэрчилнэ. Эрх баригч намын задрал бүх талаар, бүх шатанд зад тавьж буйн гэрч нь сүүлийн үед АН-ын лидерүүдийг тойрон өрнөж буй эл үйл явдлууд аж. Ямартай ч нам дотроосоо дэмжлэг хүлээхээс хэдийнэ өнгөрсөн З.Энхболд Монголын ардчиллын туган дор явдаг, улс төрийн гуравдагч хүчин гэгддэг намуудаас эвсэх нэрээр тусламж хайж явах билээ.

Анх ардчилсан хүчнийхэн гэгддэг таван нам нэгдэн, өнөөгийн АН-ыг байгуулсан түүх бий. Ардчиллын залуус 1996-2000 онд парламентад 50 суудал авч олонх болоод байх ү¬дээ задарч бутарсан алдаагаа ийнхүү зассан удаатай. Гэхдээ АН доторх МоАХ, МҮДН зэрэг фракц үзэл баримтлалаа бүлэглэлийн хэмжээнд залгамжилсаар ирсэн бөгөөд энэ нь сүүлдээ албан тушаалын хуваарилалтад багтах арга хэрэгсэл болон уламжлагдсан байдаг.

Албан тушаал авахын тулд нам дотроо фракц байгуулан, даргыгаа айлгадаг явдал ч бас моод болсон гэж хэлж болно. АН-ыг хүчгүйдүүлж буй бас нэг үзэгдэл нь хүч, нөлөө нь өсөж буй нэг фракцаа дарахын тулд адил төстэй нэртэй, эсвэл андуурч болом үзэл баримтлалтай бас нэг фракцыг зориуд зохиомлоор байгуулах болсон явдал юм. Энэ үзэгдэл АН-ын даргаар Н.Алтанхуяг сонгогдсоны дараахан З.Энхболд, Ц.Элбэгдорж нарын санаачилгаар байгуулагдсан Ардчилсан хүчний холбооноос эхэлсэн бөгөөд тухайн үед энэ холбоо орон нутагт салбаруудаа байгуулах хүртлээ хүрээгээ тэлсэн байдаг.

Дараа нь Н.Алтанхуяг намын эв нэгдлийг хангаж, томоохон фракцуудаа нэг талд барихын тулд “Мөнхтэнгэр” нэртэй бүлэглэлийг 2012 оны сонгуулийн өмнөхөн Чингэлтэй дүүргийн Б.Батбаатарт үүрэг өгөн байгуулуулсан гэлцдэг. Харин хамгийн отгон фракц болох Г.Батхүү, Л.Болд нарын “МоАН санаачилга” магадгүй хүчээ авч, нэр хүнд нь нийгэмд өссөн Х.Баттулгын МоАХ-г хүчгүйдүүлэн эрлийзжүүлэх зорилготой, мөн л зохиомол бүлэглэл байхыг үгүйсгэхгүй.

Ямартай ч Н.Алтанхуяг АН-ын эгэл жирийн гишүүд болон Монголын төрийн өмнөөс нэгэнтээ тэсэрлээ. Хуйвалдааны төр бий болсныг зарлав. Дараагийн удаа АН-ын хэн, ямар дэлбэрэлт авчрахыг таашгүй. МАН болон МАХН тэдний энэ хагарлаас хожоо хайж, хоёрыг хүлээн дуугаа хураагаад удаж буй. Магадгүй тэдний найдан хүлээж байгаачлан МАН болон МАХН сурталчилгаанд нэг ч төгрөг заралгүй, нэг ч дорвитой санаачилга гаргалгүй гараа эвхэн суусаар сонгуульд ялах боломж улам бүр нэмэгдэж байна.

Тэглээ гээд хуйвалдагчдаас ангижрах уу? Энд өрнөж буй үйл явдлууд зөвхөн АН-д хамаатай юу? Н.Алтанхуягийн хэлсэнчлэн хэзээ дуусах нь тодорхойгүй, өнөөдрийн байдлаар АН-аар дамжин илэрч буй энэхүү хагарлыг Монголын төрийн нэр хүндийг унагах зориудын хуйвалдаан хэмээн тайлбарлаж болох юм. Нам дамжсан бүлэглэл байгаа цагт Засгийн эрхийг авсан аль ч улс төрийн намыг өнөөгийн АН-ын туулж буй уналт болоод ухралт угтах нь тодорхой аж.

Эмүжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)