Зэвэг загасны 50 000 жараахай Туул голд “тухлах” нь

Г.Баясгалан

Байгаль хамгаалах “Туул ижий” сангийнхан БОАЖЯ-тай хамтран Туул голыг загасжуулах ажлыг тав дахь жилдээ хийж байна. Энэ ажилд “JCI прогресс” байгууллагынхан нэгдэж, “Сая загас” төсөл санаачилжээ. Үүний хүрээнд Архангай аймгийн Чулуут голоос зэвэг загас авчран, Төв аймгийн Эрдэнэ сумын Туул, Баруунбаян голын цутгал орчимд байрлах үржүүлгийн газрыг түшиглэн нутагшуулах болсон байна. “JCI прогресс” байгууллагынхан техник, технологийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн төслийн үр дүнг дээшлүүлэх боломж бүрдүүлснийг судлаачид онцолсон.

Эх сүрэг болох эрэгчин, эмэгчин 60 зэвгийг Баруунбаян дахь үржүүлгийн газар луу зөөвөрлөж байхад нь, өнгөрсөн мягмар гарагт тэдэнтэй “танилцсан” юм.

Төслийн багийнхан Орхон голоос эх сүргээ авчрахаар замд гарсан ч тэнд олборлолт хийдэг байсан компаниудын тунгаагуур задарч, цэнгэг гол, усыг бохирдуулаад зогсохгүй загасны үржих нөхцөлийг “боомилсон” дүр зураг угтжээ. Тэндээс зэвэг барья гэсэн ч чадаагүй тул Чулуут голыг зорихоос өөр аргагүй болсон гэж төсөлд сайн дураар нэгдсэн “Найзууд” клубийн гишүүн өгүүлсэн. 

Орхон голын эх болон голдирол дагуух моддыг огтолж, газар шороог сэндийчсэнээс тэнд ус бус, шавар урсаж байгааг төслийн багийнхан ярьж, бүгд халаглаж байна. Уг нь загас, жараахай цэвэр усны ундаргыг дагаж амьдардаг төдийгүй үржих таатай газарт түрсээ шахдаг. Гэвч цэвэр усны ам бүрийг уурхайн эзэд тунгаагуураар хаасан учраас загас үржих нөхцөлгүй болжээ.

Тиймээс Өвөрхангай аймгийн Улиастайн голыг төслийн багийнхан зорьсон ч эхний хоёр хоногт нэг ч загас барьж чадаагүй гэнэ. Харин гурав дахь өдрөө Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голоос эхний зэвгээ барьжээ. “JCI прогресс” байгууллагын ерөнхийлөгч Г.Оргил “Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ховордож буй зэвэг загасны тоо толгойг зориудаар өсгөх ажилд хүн хүч, шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүгийн тусламж үзүүлж байна. 

Энэ төслийг багагүй хугацаанд хэрэгжүүлнэ. Зэвэг шахсан түрснийхээ 95 орчим хувийг алддаг. Том загаснуудын идэш болох, байгалийн хүчин зүйл зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, 100 ширхэг түрсний нэг нь л бие гүйцдэг гэсэн үг. Тиймээс бид зэвэг түрсээ шахахаас өмнө хангайн бүсээс авчирч 95 орчим хувийг үрэгдэхээс сэргийлж буй юм. Ингэхдээ ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч байгаа” гэлээ.

Түрсийг зориудаар томруулан өсгөснөөс хойш 2-3 сарын дараа гэхэд 4-5 см урт жараахай болно. Улмаар бие даан амьдрах чадвартай болсон үед нь буюу ирэх долдугаар сард жараахайнуудаа Туул голд тавих гэнэ.

“Туул ижий” сангийнхан өнгөрсөн жилүүдэд 8000-30 000 загасыг ийм аргаар нутагшуулж байсан бол “JCI прогресс” байгууллагынхан дэмжлэг үзүүлснээр дээрх тоог багадаа 50 000-д хүргэх боломж бүрджээ.

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Мэндсайхан “Энэ сарын 19-нд Улаанбаатар хотоос гарч, тав хоногийн турш эх сүргээ хайн, тээвэрлэж ирлээ. Авчирсан загасны зарим нь түрсээ шахахад бэлэн болсон байна. Бид Баруунбаянгийн голд очингуутаа үржүүлгийн ажлаа эхлүүлнэ. Эх сүрэг гэдэг нь үржих чадвартай бие гүйцсэн эрэгчин, эмэгчин загасыг хэлдэг. 

Ийм загас олох гэж их хугацаа, хүч хөдөлмөр зарцууллаа. Эмэгчин буюу атуу загаснаас түрсийг нь авч, эрэгчин буюу атуухын сунтай нийлэгжүүлэн, үр тогтоон, бие даан амьдрах чадвартай жараахай болтол нь өсгөнө. Ойролцоогоор 3000 ширхэг түрсийг нэг загаснаас авч бойжуулах бололцоо бидэнд байна. Загас үржүүлгийн бага оврын цехэд зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх уг технологи Монголд анх удаа нэвтрүүллээ. Уур амьсгалын дулаарал, хүн амын төвлөрлөөс болж Туул гол маш их бохирдон, нийслэлийн бүсэд зэвэг загасны эх сүрэг ховордсон. 

Тиймээс маш холоос эх сүргээ авчирлаа. Чулуут голын мөс хайлж амжаагүй байсан учир маш хүнд нөхцөлд ажилласан” гэв. Тэд өнгөрсөн таван жилд Туул болон Баруунбаян голд нийтдээ 63 000 бие даан амьдрах чадвартай жараахай тавьсан байна. Үүнээс загасны агнуурыг тусгай тооцооллоор бодоход 12 000 загасаар байгалиа нөхөн сэргээсэн гэсэн үг. Гэвч энэ нь албан бус тооцоо. Нарийвчлан судалгаа гаргахын тулд Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Хан Хэнтийн дархан цаазат газрынхантай хамтарч ажиллах болжээ.

Туул голын загасны нөөцийг тогтоосон сүүлийн үеийн судалгаа бараг байдаггүй гэнэ. Тус голын сав газрын загасны нөөцийг хамгийн сүүлд 1980-аад оны үед Оросын эрдэмтэдтэй хамтран тодорхойлж байжээ. Туул гол нийслэл орчимд маш их бохирдсон учраас загасны амьдрах орчин, түрс шахах талбай хумигдан нөөц нь хомсодсон хэмээн судлаач Б.Мэндсайхан хэлсэн.

Цэнгэг усанд амьдарч байсан зэвгийг бохирдол ихтэй голд нутагшуулах нь эрсдэлтэй санагдаж, эрдэмтэдээс лавлахад “Туул голыг нөхөн сэргээхийн тулд загас нутагшуулж байгаа юм. Нийслэлийн бус нутаг дахь Туул голын ус цэвэршвэл дээд эхэд нь тавьсан загас доошоо шилжилт хөдөлгөөн хийх боломж бүрдэнэ. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад зэвгийн үүрэг, нөлөө их. Тиймээс аль болох олон загас зориудаар ч болтугай үржүүлж, нутагшуулах нь зөв” гэсэн юм. Гэхдээ зориудаар үржүүлсэн жараахайгаа байгальд тавихдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой аж.

Ингэж нутагшуулсан загасыг яаж хамгаалахаа ч төслийн багийнхан ярьсан. Тухайн бүс нутгийн иргэдтэй хамтарч ажиллахаас гадна баримтат кино хийхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжүүлэгчид баримтат кино болон ухуулах хуудсаар дамжуулан экологийн тэнцвэрт байдалд онцгой ач холбогдолтой энэ төрлийн загас, жараахайг хэрхэн хамгаалж, хайрлах тухай хүүхэд, залууст мэдлэг, олгохоор төлөвлөсөн гэнэ. 

Мөн БОАЖЯ-тай хамтарч нутгийн иргэдийг сайн дурын байгаль хамгаалагч болоход уриалах гэнэ. Түүнээс гадна хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байгалиа нөхөн сэргээж байгаа учраас бие даан амьдрах чадвартай жараахайг үнэлгээжүүлэх ажлыг ч эхлүүлэх болжээ. Ингэснээр экологи болон эдийн засагт ямар эерэг үр дүн гарсныг тооцоолох боломж бүрдэнэ гэж төслийн багийнхан үзсэн байна.

Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг энэ ажилд оролцож байв. Тэрбээр загас агнуурт сонирхолтой төдийгүй барьснаа голд нь буцааж тавих талаар ойлголтгүй байснаа биднээс нуусангүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа бага ч болов залруулах зорилгоор энэ үйлсэд сайн дураар нэгдэн зөв ойлголт, мэдээллийг залууст түгээхээр сэтгэл шулууджээ. 

Н.Цэцэнбилэг “Зэвэг бол ховордож буй зүйл гэдгийг төсөлд нэгдсэнээр мэдэж авлаа. Экологид сөргөөр нөлөөлөх, байгальд ээлтэй амьдрах хоёр эрс ялгаатай юм байна. Барьсан загасаа голд нь буцааж тавихыг надтай ижил сонирхолтой хүмүүст уриалъя” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Монголын гол, нуур, мөрөнд 13 овгийн, 76 орчим зүйлийн загас бий аж. Зэвэг агнуурын ач холбогдолтой зүйлд багтахаас гадна дулаан орны шувууд болон том загаснуудын гол идэш болдог. Хэрэв уг загас ховордвол Монголыг зорьж ирдэг нүүдлийн шувуудын тоо, толгой багасах, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг эрсдэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)