Зэвсгийн худалдааны гэрээнд Хятад улс нэгджээ

Олон улсын зэвсгийн худалдааны тухай гэрээнд БНХАУ нэгдсэнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт мэдэгдсэнийг тус байгууллага дахь Хятадын төлөөлөгчийн газраас уламжиллаа. Хятадын адил алхам хийхийг тус улсын байнгын төлөөлөгч Жан Зюнь бусад оронд уриалжээ. АНУ 2019 онд эл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан бол ОХУ уг баримт бичгийг хохиролтой хэмээн мэдэгдсэн байна.

Танк, БТР, их бууны систем, байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужин, үүнийг харвах төхөөрөмж, хөнгөн болон буудлагын зэвсэг гэсэн найман төрлийн ердийн зэвсгийг олон улсын хүмүүнлэгийн эрхийг ноцтой зөрчих, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж болзошгүй орнуудад нийлүүлэхээс сайн дураар хязгаарлахыг эл гэрээ санал болгодог. Хятад нь эл гэрээнд нэгдсэн 107 дахь улс болжээ.

Зарим улс уг гэрээнээс гарч, айлган сүрдүүлж эхэлснийг Хятадын төлөөлөгчийн газрынхан тэмдэглэсэн байна. “Энэ нь дэлхийн стратегийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг тодорхойгүй болгож, олон улсын асуудлыг шийдэх талаар бүх орны гаргаж буй хамтын хүчин чармайлтад ноцтой хохирол учруулсан” гэж Жан Зюнь хэлснийг “Xinhua” агентлаг уламжлав.

АНУ өнгөрсөн онд гэрээнээс гарахад Цагаан ордон “Гэрээнд заасан бүх хязгаарыг Америкийн хуульд илүү сайн тусгасан бөгөөд уг баримт бичиг тус улсын иргэд зэвсэг эзэмших эрхийг зөрчиж байна” гэжээ. Харин ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газар “Манай орон уг гэрээнд нэгдэхгүй. Учир нь эл баримт бичигт төрийн бус байгууллагуудад зэвсэг нийлүүлэх, зөвшөөрөлгүйгээр зэвсэг үйлдвэрлэхийг хориглосон заалт байдаггүй” гэсэн тайлбар хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)