ЗХЖШ-ын орлогч даргад хурандаа Ц.Жавхланбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжжээ

ЗХЖШ-ын орлогч дарга нарын нэгийг чөлөөлж, оронд нь Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас гаргажээ. Үүнийг БХЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг тус яамны эх сурвалж мэдээллээ. Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.14-т зааснаар ЗХЖШ-ын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тус штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх эрх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид бий. Энэ эрхийнхээ дагуу хурандаа Б.Жавхланбаатарыг томилуулах санал гаргасан гэх мэдээлэл БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна.

Батлан хамгаалах салбарынхны дунд энэ томилгоог эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тухайлбал, Ц.Жавхланбаатарын талаар “Ядаж л гадаад хэлний мэдлэг тааруу, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүйн зэрэгцээ хуулийн байгууллагад шалгуулж байсан хүн” хэмээцгээж байв. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Дипломын болон түүнээс дээш боловсролтой, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлага, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх” хэмээн офицер, ахлагчид тавих шалгуур үзүүлэлтийг хуульчилжээ. Харин ЗХЖШ-ын орлогч даргад нэр дэвшиж буй хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд цэргийн стратегийн түвшний дээд боловсрол эзэмшээгүй гэнэ. Тухайлбал, ОХУ-ын ЗХЖШ-ын академи, АНУ-ын Нэгдсэн хүчний штабын коллеж (Joint forces staff college) зэрэгтэй ижил төрлийн сургууль төгссөн байх шаардлагыг хангаагүй гэж батлан хамгаалах салбарынхан үзэж байгаа юм.

Мөн ахлагч цолтой нэг залууг энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж ар гэрийнхнээс нь өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авсан ч Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь АТГ-т гомдол гарган хурандаа Ц.Жавхланбаатарыг шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. “Цагдаа, АТГ-т бусдыг залилсан, албан тушаалаа урвуулж, хамтран амьдрагчаа нэг ангид сул цалинжуулсан хэрэгт шалгуулж буй хүн ЗХЖШ-ын орлогч даргын албан тушаал хаших ёс зүй бий юү” хэмээн бухимдах офицер, ахлагч нар цөөнгүй байна.

Бэлтгэсэн: Д.Дайчин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)