ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзориг томилогдлоо

Хошууч генерал А.Ганбат аравдугаар сарын 1-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 

Тэрбээр "Миний бие удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан. ЗХЖШ-ын даргын албан тушаалыг нэг ч өдөр завсардуулж болохгүй тул ийм шийдвэр гаргасан" хэмээн тайлбарласан. Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.

Бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)