Зусландаа амарч байгаа иргэдийг хүчирхийлж дээрэмдсэн хэрэг гарч байна



Зуны саруудад зусландаа гарч амьдарч байгаа хүмүүс шөнө оройн цагаар ганцаараа үлдэхдээ болгоомжтой байхгүй бол гэмт халдлагын золиос болж байна. Зусландаа амарч байсан бүсгүйчүүдийг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг нэг сарын дотор хоёр ч удаа бүртгэгдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт гэртээ халамцуу унтаж байсан эмэгтэйг хүчирхийлж гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсныг өдгөө цагдаагийнхан шалгаж байна.
Түүнээс өмнө буюу энэ оны тавдугаар сарын 30-ны 04.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслан дахь хувийн байшиндаа хоёр настай хүүхдийнхээ хамт унтаж байсан эмэгтэйг 25-30 орчим насны залуу хүчирхийлэн гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэмт этгээд хаалганы цоожийг эвдэн, дайран орсон аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж, тус хорооны Яргайтын задгайд суух Э үйлдсэнийг илрүүлэн цагдан хорьж шалгаж буй гэнэ. Сэжигтэн Э нь 2007 онд эд зүйл хулгайлсан, 2013 онд хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн гэдгийг Дүүргийн I прокурорын газрын эх сурвалж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)