Зуслангийн бүсэд хоггүй болох аян өрнүүлж эхэллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа.

-Танай дүүрэг иргэдийг хоггүй, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрахыг уриалсан аян эхлүүлжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-“Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян ирэх есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Аяны зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газар, ил задгай хог хаяхыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан Хог хаядлын тухай хуулийг олон нийтэд сурталчлахад оршин буй юм.

Зун нийслэлийн иргэдийн нэлээд хэсэг нь зусланд гардаг. Иймд зуслангийн бүсээ цэвэр цэмцгэр байлгаж, хогоо зориулалтын газар нь хаяж хэвшихийг уриалж байгаа юм. Бид аяны хүрээнд дүүргийн 15-20 дугаар хорооны Засаг даргын ажлын албатай хамтран зуслангийн бүсэд хог тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.

-Хог хаягдлын тухай хуулийг байнга сурталчилдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Олон нийтэд хүргэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Шинээр батлагдсан Хог хаягдлын тухай болон Зөрлчийн тухай хуулийн холбогдох заалтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд сурталчилж байгаа. Төвлөрсөн хогийн цэг, зуслангийн зам дагуу байрласан рекламны самбаруудад зориулалтын бус газар хог хаявал ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл байршууллаа.

Тус хуулийн 23.1.1-д зориулалтын бус газарт хог хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй аж ахуйн нэгж, байгууллагыг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тусгасан. Ийм хариуцлага хүлээлгэх эрх нь тухайн дүүрэг, хорооны Засаг даргад бий.

Саяхан дүүргийн холбогдох Ажлын хэсэг зуслангийн бүсэд шалгалт хийхэд “Портер” машинтай иргэд зориулалтын бус газарт барилгын хог асгаж байсныг илрүүлсэн. Дээрх зөрчлийг холбогдох хууль журмын дагуу дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)