Зургадугаар тойрогт 14 хүн өрсөлдөж байна

Дангаараа тойрог болж, бие даан гишүүн илгээдэггүй ганц аймаг Говьсүмбэр өнгөрөгч сонгуулиар Дорноговьтой “хамтарсан” бол энэ удаа Дундговьтой нийлж, дундаасаа хоёр гишүүн “гаргах” гэж байна. Тиймээс ч тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн “партнёр” өөрчлөгдөж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын сонгуулийн зургадугаар тойргийг зорилоо. “Ээжийн минь нутаг” хэмээн Дундговийг зорьсон С.Батболд өмнөх сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон.

АН ч УИХ-ын гишүүн Б.Наранхүүг тойрогт нь “улираав”. Хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүй хэмээн Үндсэн хуулийн цэцэд “дуудагдаж”, эгүүлэн татагдахдаа хүрч байсан тэрбээр энэ удаа ирцээрээ ч, ажлаараа ч шилдэг байхаа амлаж явна. Нутгийн олон нь Б.Наранхүүд найдах болов уу. Түүнтэй хамт “Чинээлэг малчин” хөтөлбөрийн “автор” гэгддэг Л.Одсэр нэр дэвшиж буй. Тэрбээр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ыг үүсгэн байгуулж, санаачилсан хөтөлбөрөө намын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан нэгэн. 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд Дундговь аймагт төржээ. Харин тус намын залуу гишүүдийн нэг, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо энэ удаа аавынхаа нутагт бие даан өрсөлдөж байна.

Монголын улс төрийн ууган хүчнүүдийн нэг Монголын ногоон намаас нэр дэвшиж, жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй Г.Батбаатарын талаар мэдээлэл бараг алга. Тэрбээр өөрийн орлогоо 19.4 сая, 120 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, сая төгрөгийн хадгаламжтай ч 35 сая төгрөгийн зээлтэй гэдгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.

МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн Д.Энхсайхан нь өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нийслэлд МАХН-аас өрсөлдөж байжээ. Түүнтэй хамт “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нэр дэвшиж байна. “Урт нэртэй” хуулийг эсэргүүцэж, Төрийн ордныг “зэвсэглэн” гороолж нэлээд анхаарал татсан тэрбээр хамтрагчаасаа илүү олны танил болсон нэгэн. Мөн Монгол консерватив нам, Монголын хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн нэр дэвшигч Ц.Эрдэнэбат, Зон олны намаас өрсөлдөж буй Э.Батчимэг, бие даагч П.Энхбаяр нарын талаар мэдээлэл хомс аж.

Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбатыг ШИНЭН, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын “Шинэ” эвслээс илгээсэн байна. Түүнийг АН, МАН, МАХН зэрэг намд байсан, туйлбаргүй гэх мэтээр шүүмжилж буй бөгөөд тэрбээр “Миний бие МАХН-д байсан. Үйл хөдлөл нь үзэл баримтлалтайгаа зөрөлдөөд байхаар нь гарсан. МАНАН-ыг устгаж, шударга ёс тогтоохоор тэмцсэн хүмүүсийг дэмжсэн. ШИНЭН-ыг үүсгэн байгуулалцахад оролцсон, элссэн. Удирдлагынхаа түвшинд хулгай, хуйвалдаанд шигдсэн МАН-д ч, АН-д ч элсэж байгаагүй” хэмээн мэдэгджээ. Түүнтэй хамт багш мэргэжилтэй О.Эрдэнэтөгс нэр дэвшиж буй.

ХҮН, МСДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигч Б.Арвинбаяр инженер, биотехнологич мэргэжилтэй. Түүний төрсөн ах Б.Амарсанаа нь МАН-аас Дундговь аймагт өмнөх хоёр удаагийн сонгуульд нэр дэвшиж байсан юм.