Зургаан сартай жирэмсэн бүсгүйгээр тахил өргөжээ

Аргентинд 26 настай Фернанда Перейрагийн аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Хачирхалтай нь, гэмт хэрэгтнүүд түүнийг урьдаар төлөвлөж, хөнөөсөн байж болзошгүй байна. Учир нь зургаан сартай жирэмсэн бүсгүйг зургадугаар хурдны замаас зургаан км-ын зайтай газар алсан учир цагдаагийнхан муу ёр "666"-гийн үхэл хэмээн нэрлэжээ. Хэрэгтнүүд түүнийг хөнөөгөөд Аргентиний Ринкон де лос Саукес хотын ойролцоо цогцосыг нь шатаасан байна. Хохирогчийг таних ганц тэмдэг үлдсэн нь хүзүүний зүүлт гэнэ.

Алуурчин цогцосыг шатаахдаа их хэмжээний тослог бодис ашигласан аж.

Түүнчлэн хэрэгтэн цогцосыг бүхээгтэй тэргээр зөөсөн болохыг цагдаагийнхан олж тогтоожээ. Тэдний олсон машинаас хохирогчийн цусны толбо болон үс зэргийг олсон юм. Цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулж, гурван хүнийг баривчилсан бөгөөд хохирогчийн экс найз залуу Лучиано Хернандес болон түүний хоёр найз болох Освалдо Кастилло, Диего Мариллан нарыг саатуулжээ. 

Сэжигтнүүд бүгд хар тамхины наймаатай холбоотой хүмүүс. Мөн Африкийн нэг улсад сатанд итгэгчдийн сүмд явж байсан гэж үздэг. Сатанизм үзэлтэй учир бүсгүйгээр тахил өргөсөн байх магадлалтай гэж таамаглаж байна. 

Сатан шүтэгч гэдэг нь бурханыг бус чөтгөрийг дагадаг хүмүүс юм. Эдгээр баримтыг уг хэрэгт сэжиглэгдэж буй нэгнийх нь гэрээс олжээ. Өнөө үед сатан шүтдэг хүмүүс олширсон бөгөөд АНУ-д гэхэд 10 мянган хүн ийм шүтлэгтэй гэж үздэг. Тус хэрэгт мөн хохирогчийн найз залуу байсан боксчин Адемар Марагуэлийг саатуулсан ч хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоосон учир сулласан юм. Марагуэль хохирогчийг мөнгө хулгайлсан гэж сэжиглэж, зодсон хэргээр цагдаад бүртгэлтэй учир түүнийг сэжиглэсэн байна.

Хохирогч бүсгүй өмнө нь хар тамхины наймаачдад алуулсан Франко Орелланогийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байв. Гэхдээ цагдаагийнхан түүнийг энэ хэрэгтэй холбогдуулж, хөнөөсөн гэдэгт эргэлзэж байгаа юм. 

Цагдаагийнхан түүнээр тахил өргөх болсон шалтгааныг хоёр янзаар таамаглаж байна. Эхнийх нь бүсгүй найз залуугаасаа өөр хүнээс хүүхэдтэй болсон гэж үзэж байгаа бол нөгөөх нь хар тамхины бүлэглэлийн золиос болсон гэж таамаглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)