Зургаан мод “нүүлгэн шилжүүлсэн” гэв

Яармагийн зам дагуу тарьсан моднууд өнгөө алджээ. Заримыг нь өчигдөр ачсан байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тарьсан моднуудыг ямар учраас булгалсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.

-Яармагийн зам дагуу тарьсан моднууд гандаж, шарлажээ. Уг нь өдийд өнгө засаж, ургах ёстой. Заримыг нь яагаад булгалчихсан юм бэ. Тэдгээр мод одоо хаана байгаа бол?

-Өнгөрсөн жилийн хавар яармагийн замын урд, хойно тус бүр 1200 мод тарьсан. Тэдгээрийн зургааг нь л нөхөн тарихаар булгалсан юм. Үүнийг буруугаар ойлгож, бүх мод үхсэн, ургасангүй гэж яриад байна. Энэ бол хэн нэгний захиалгаар явуулж буй улс төрийн шинжтэй яриа гэж ойлгож байгаа.

-Уулнаас нас гүйцсэн мод авчирч, суулгах нь буруу гэж зарим мэргэжилтэн хэлдэг. Хөрсөндөө дасан зохицож чадахгүй үхдэг гэх юм билээ.

-Уулнаас мод авчирч суулгаснаас хойш гурван жилийн хугацаанд арчилгаа маш чухал. Энэ хугацаанд мод шингэрэх, хортон шавжид идүүлэх, үхэх нь бий. Тиймээс тулгуур хийж, дусал залгаж, борддог. Гурван жилийн турш сайн арчлаад, ургуулсан моднууд бий. Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны гадна талбайд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицсон учраас тулгуур моднуудыг нь авсан, одоо сайхан ургаж байна.

-Зулзаган мод суулгаж болдоггүй юм уу?

-Гадаадад уулнаас нас гүйцсэн мод авчирч тарьдаг жишиг бий. Өндөр байшингийн урд жижиг мод тарих нь зохимжгүй. Мод ургах, эсэх нь насжилтаас хамаардаг гэсэн ойлголт буруу. Яагаад нас гүйцсэн мод авчирч тариад байна вэ гэвэл ногоон байгууламжийг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой. Тав болон 25 настай мод авчирч ургуулах нь асар их ялгаатай. Нэг жилд хотын ногоон байгууламжийн арчилгаанд 100-200 сая төгрөг зарцуулдаг. 

Энэ нь хаанаа ч хүрдэггүй. Жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Нас гүйцсэн мод суулгах нь хотын төсвөөс арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэмнэж байгаа хэрэг. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8000 гаруй тийм мод суулгасан. Ийм хэмжээний зулзаган мод тарьсан бол дөрвөн тэрбум гаруй төгрөг арчилгаанд зарцуулах байсан. Үүний оронд нөхөж тарих нь хэмнэлттэй.

-Тасганы овоонд жил бүр л нас гүйцсэн мод суулгаж, нөхөж тарьж байгаа харагдах юм. Мод хөрсөндөө дасаж чадахгүй үхээд байгаа юм биш үү?

-Тасганы овоонд тарьсан 136 модны 20 гаруй нь л “асуудалтай”. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд таван мод дайрсан байна. Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан нийт модны 80-85 хувь нь ургасан байхад хангалттай гэж олон улсад үздэг.

Уулнаас авчирсан мод хэзээ ч 100 хувь ургахгүй. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8000 гаруй мод тарьсны 90 гаруй хувийнх нь ургалт сайн байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)