Зургаан аймаг цахилгаангүй болж, 250 гаруй бог үхжээ

Зарим нутагт энэ сарын 29-нөөс эхлэн түр зуурын, усархаг бороо орно хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсаар байв. Тэгвэл уржигдар буюу 28-ны орой Хөвсгөл, Архангай, Завхан, Булган аймгийн зарим суманд хүчтэй салхилан, ширүүн бороо, мөндөр орж, байгалийн болзошгүй аюулын өмнө бэлэн бус байгааг нь шалгаж, дүн тавьжээ.

Тухайлбал, Хөвсгөлийн Мөрөн суманд уржигдар орой цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн борооны улмаас I хорооны 20 гаруй өрх усанд автсан байна. Мөн тус аймгийн Жаргалан суманд 800 гаруй бог мал үерт урссанаас 550-ийг нь онцгой байдлын аврагчид уснаас гаргаж, үлдсэн 250 малын сэг зэмийг устгасан аж.

Мөрөн, Тосонцэнгэл чиглэл дэх улсын чанартай авто зам км гаруй газарт цуурч, гэмтжээ.

Хөвсгөлд үүсээд буй нөхцөлийн талаар тус аймгийн ОБГ-ын дарга Г.Нэргүйгээс тодруулахад “Өчигдөр (уржигдар) манай аймгийн дийлэнх нутгаар усархаг бороо орж, иргэдийг сандаргалаа. Аймгийн Онцгой комисс, ОБГ, Цагдаагийн газар, Мөрөн сумын ЗДТГ зэрэг холбогдох байгууллага шуурхай ажиллан, арга хэмжээ авсан. Мөрөн, Тосонцэнгэл чиглэлийн зам зарим хэсэгтээ усанд автаж, машин явах боломжгүй болсон учир өчигдөр түр хугацаагаар хаасан байснаа өнөөдөр нээлээ. Зам засварын ажил одоо үргэлжилж байна. Хүнд даацын машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон. Түнэл, Тариалан суманд үүрэн холбооны антенн унасныг засаж байна. Ирэх сарын 3 хүртэл түр зуурын усархаг бороо үе үе орно гэсэн учраас аймгийн Онцгой комиссоос бүх суманд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүллээ” хэмээн ярив.

Тус аймагт амьдардаг нэг танил маань “Мөрөн сумын хойд хэсэг дэх хэд хэдэн уулын амнаас шар усны үер бууж, гудамж, талбай нэлэнхүйдээ усанд автсан. Наадам болох гээд зам, талбайгаа сүрхий тохижуулж байтал авах юмгүй болгочихлоо” гэсэн юм. Түүнчлэн Завханы Яруу суманд ихээхэн хэмжээний үер бууж, 50 гаруй мал усанд урссаныг эсэн мэнд гаргасан, Архангай, Булганд 50 гаруй айл усанд автсаныг нүүлгэн шилжүүлсэн талаар аймгийнх нь Онцгой байдлын газрынхан мэдээлэв.

Мөндөр орж, хүчтэй шуурснаас Орхон, Булганы 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтэж, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сумын цахилгаан тасарчээ. Үүнтэй холбоотойгоор дээрх аймгууд дахь ШТС-ууд ажиллахгүй байгаа гэнэ. Гэмтсэн шугамыг засаж дуустал энэ аймгууд руу зорчихгүй, зайлшгүй тохиолдолд түлш шатахуунаа нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас анхааруулав.

Энэ талаар Эрчим хүчний яамны албаны хүнээс тодруулахад “Төмөр бетон 14 тулгуур багана хугарч унаснаас 56.4 км шугам гэмтээд байна. Уржигдар 21.57 цагт ийм мэдээлэл авсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүс, Багануур, Улаанбаатар салбараас 30 гаруй мэргэжилтэн, Эрчим хүчний сайдаар ахлуулан гэмтлийг засахаар ажиллаж байна.

Тайшир болон Богдын усан цахилгаан станцаас Завхан аймгийнхныг эрчим хүчээр хангаж эхэллээ (өчигдөр 14.30 цагт). Томоохон гэмтэл учраас хэдийд бүрэн засаж дуусахыг хэлэхэд бэрх” хэмээн ярилаа. Булган, Архангай аймагт төрийн байгууллага болон чухал объектуудыг эрчим хүчээр хангах үүргийг аймгийн Онцгой комисс нь даалгажээ. Гуравхан цаг үргэлжилсэн бороонд дээрх аймаг, сумд бэлэн бус байсныг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд цаашдаа анхаарах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)