Зургаан аймагт өвөлжилт хүндрэх нь

ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймагт гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ Улсын онцгой комисст гаргажээ. Энэ дагуу Шуурхай бүлэг  Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, үр дүнг нэгтгэн өнөөдөр танилцуулав. Энэхүү хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хөгжлийн хөтөлбөр, Японы Хүүхдийг ивээх сан, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Мерси кор”, “Дэлхийн Зөн” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг зуншлага муу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянхонгор аймаг “маш их”, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгууд “их” эрсдэлтэй гарсан дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхэд зориулан хөрөнгө олгох шийдвэрийг гаргасан. Хуралд оролцсон хүмүүнлэгийн байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй ажил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсны зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан гамшгийн эрсдэл өндөр аймгуудад үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээ илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)