Зурагт үзэхээс татгалзжээ

Техник технологи хөгжсөн XXI зуунд телевиз, радио, интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх. Гэхдээ Туркийн зүүн хойд зүгт оршдог Ризе тосгоны иргэд хүмүүсийн харилцаа, холбоог эрхэмлэн үлдэхийн тулд зурагт үзэхээс татгалздаг аж. Тус тосгон 78 мянган оршин суугчтай бөгөөд олонх нь кавказ гаралтай аж.

Цаг үеийн мэдээллийг радиогоор сонсдог тэд харьцангуй тайван ард түмэн. Тэд “Техник технологийн хөгжил, зурагт хүмүүсийн харилцааг үгүй хийдэг” гэж үздэг юм байна. Тосгоны нэг ч айлд зурагт байдаггүй. Харин зочид буудалд л ганц ширхэг зурагт байдаг бөгөөд жуулчдад зориулан байрлуулсан гэнэ.“Зурагт үзэхийг хэн ч хориглоогүй. Бид сайн дураараа татгалзсан. Хотын оршин суугчид шиг зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг дэмий өнгөрөөхийг боддоггүй.

Үүний оронд орой үдшээр бие биенийхээрээ зочилж, нар шингэхийг харж, үзэсгэлэнт байгалиас таашаал авах нь дээр. Жуулчид тосгонд цахилгаан байхгүйн улмаас зурагт байдаггүй гэж буруу ойлгодог. Өмнө нь тус тосгоны иргэд онгон байгалиа хамгаалах зорилгоор цахилгаанаас татгалзаж байсан түүхтэй. Гэхдээ улсаас тосгоныг бүрэн цахилгаанжуулсан” гэж тосгоны зөвлөлийн дарга Атилла Гюнри хэлжээ. “Бид хүссэнээрээ амьдрах дуртай. Жаргалтай байна” хэмээн тэндхийн иргэд ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)