Зурагт орчимд хүлцэх хэмжээнээс 5.8 дахин их бохирдолтой байлаа

Нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээгээр өчигдөр 20.00 цагийн үед бохирдол нэлээд ихсэв. Агаар бохирдуулагч элементүүдийн дотроос PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж илт нэмэгдлээ. Тухайлбал, өчигдөр 20.00 цагийн үед Зурагт орчимд агаар бохирдолтой буюу “улаан” түвшинд хүрэв. Нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцрын хэмжээ ихэссэн нь үүнд нөлөөлсөн аж. Жишээ нь, нарийн ширхэглэгт тоосонцор хүлцэх хэмжээнээс 5.8, бүдүүн ширхэглэгт нь хоёр дахин их байв. Мөн хотын бусад хэсэгт агаар бага бохирдолтой буюу “улбар шар” түвшинд хүрсэн. Суурин харуулууд байрладаг газруудаас зөвхөн “Мишээл экспо” орчимд л агаар цэвэр байсан юм. 

Дэлхийн хотуудыг агаарын чанараар нь эрэмбэлж, цаг, минут тутам мэдээлдэг “AirVisual” олон улсын байгууллагын жагсаалтыг өчигдөр 20.30 цагийн үед Улаанбаатар тэргүүлсэн. Уг жагсаалтад 92 хот хамрагдсан бөгөөд Улаанбаатарын агаарын найрлагад нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ давамгайлсан нь “амжилт” гаргахад нөлөөлжээ. Харин 21.00 цагийн үед Энэтхэгийн Дели хотын ард буюу хоёрдугаарт бичигдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)