Зураач Я.Оюунчимэгийн нэрэмжит уралдаан зарлажээ

Балетчин, Ардын жүжигчин Ю.Оюуны хөрөг (2000-аад он)

Зураач, дэд профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэгийн нэрэмжит дүрслэх урлаг, дизайны анхдугаар уралдааныг түүний уран бүтээлийг хадгалан хамгаалж, өвлүүлэгч “Оюу” сан, “Монгол арт” галерей, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль төгсөгчид хамтран зохион байгуулахаар болжээ.

Монголын орчин цагийн дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлолцох, мэргэжлийн урлагийн үнэ цэнийг өргөх, уран бүтээлчдийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд таниулах зорилготой уг уралдааны бүтээлийг хэд хэдэн төрлөөр шалгаруулах аж. Үүнд уран зураг, тосон будаг, акрилик, усан будаг, мөн зураасан зураг, төмөр, хулдаасан, модон бар, торгон хэвлэл, зурагт хуудас, номын зураг, дижитал принт, бас хувцас загвар ба “fashion art” багтсан байна. Сэдэв нь чөлөөтэй гэнэ. Мэргэжлийн урлагийн сургууль төгссөн залуу уран бүтээлчид болон оюутан гэсэн ангиллаар өрсөлдүүлэх юм байна. Бүртгэлийг “Монгол арт” галерей хариуцаж буй. Эхний шалгаруулалтыг долдугаар сарын 25-нд цахимаар явуулна. Энэ арга хэмжээг нэрт зураач Я.Оюунчимэг агсны 70 насны ойд зориулан зохион байгуулж байгаа юм.

Нэрт зураач, Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш байсан тэрбээр график буюу зураасан зураг мэргэжлээр олон шавь төрүүлжээ.

Бэлтгэсэн: Р.Жаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)