Зураач Х.Содномцэрэн, керамикч У.Одмаа нар хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр нээнэ

Өнөөдөр 16.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд уран зураг, харандаан ажил болон керамикийн бүтээлээс бүрдсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн 80 орчим бүтээл тавигдах юм.

Дэд профессор Х.Содномцэрэн нь үзэсгэлэнгээ “Миний ертөнц-3” гэж нэрлэсэн бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүд нь 2005 болон 2012 онд олны хүртээл болж байжээ. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ үндэсний уламжлалыг орчин үеийн арга барилтай хослуулан өнгөний дагнаас, зураасны давтамж зэрэг өвөрмөц хэллэг бүхий бүтээлүүд тавихыг зорьсон байна.

МУСТА, МУЭ-ийн шагналт зураач Х.Содномцэрэн нэг хэв маягт баригдалгүй үргэлж шинийг эрэлхийлсэн сонирхолтой бүтээлүүд хийдэг нь энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдээс тодхон харагдах бөгөөд бүтээлүүд өнгөц харахад хийсвэр атлаа гүн агуулгатай, байгаль дэлхийн утга учрыг харуулсан байдгаараа онцлог билээ. Түүний “Золголт” бүтээлд тэнгэр, газрын дунд солонгон хэлбэрт хадгийг барин хүндэтгэн золгож буй талаар өгүүлсэн бол нүүдэлчдийн уламжлалт тамганы хэлбэрүүдийг ашигласан зохиомжийн бүтээлүүд уламжлал, шинэчлэлийг тодхон харуулжээ.Тэрээр СУИС-ийн ДУДэСургуульд 20 гаруй жил багшлан олон арван авьяаслаг шавь төрүүлэн гаргасан нь өнөөгийн монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсоор яваа юм.

Керамикч У.Одмаа 2010, 2015 онуудад солонгос улсын Тэжон хотноо бие даасан үзэсгэлэнгүүдээ толилуулж байсан залуу уран бүтээлч бөгөөд бүтээлдээ бурханы мутар, дүр төрх, бясалгал хийгээд бурханлаг байдлыг өөрийн өнцгөөс харан дэр, гинж зэрэгтэй хослуулан хийдгээрээ онцлог юм. Түүний бурханы нүүрний олон талт хувирлыг харуулсан бүтээлүүд нэгэнт олны танил болжээ.

            Уг үзэсгэлэн 2017 оны 1-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)