Зун завсарладаг боулингийн лигийн тэмцээн эхэллээ

Зуны хоёр сар завсарласан боулингийн тэмцээний салхийг өчигдөр “Big Bowling Friendship-2019” лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт хагаллаа. “Big bowling” төвд болдог,  4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд уламжлал ёсоор 10 багийн 40 тамирчин оролцож, баг бүр 8 тоглолт гүйцэтгэж, бүх тоглолтын нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан.

Багийн төрлийн тэргүүн байрыг Ж.Цэвэгмид ахлагчтай  А.Санжаа, Э.Хунтогос, Б.Саруулболд нарын баг 5294 оноогоор эзэлсэн бол Б.Оюунболд ахлагчтай Ю.Ганболд, Т.Долгормаа, Э.Отгонбаяр нарын баг 5248 оноогоор аман хүзүүдлээ. Гуравдугаар байранд Ц.Молор ахлагчтай  Б.Мягмарцэнд, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунжаргал баг  5244 оноогоор орлоо. Мөнгө, хүрэл медаль хүртсэн багийн онооны зөрүү 4 байсан бол Ж.Отгонжаргал ахлагчтай баг хүрэл медалийн эздээс ердөө л 20 оноогоор дутаж дөрөвдүгээр байранд орсон. Үүнээс нэг багт чансаа өндөр тамирчин, чансаа дундаж тамирчин, нэг шинэ, нэг эмэгтэй тамирчныг жигд хуваарилсан нь харагдаж байна.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эмэгтэйчүүдээс “Шонхор” клубын Б.Оргилмаа (212 оноо), эрэгтэйчүүдээс “Winners” клубын Б.Саруулболд (237 оноо) нар шалгарав.

Тамирчид өөрсдөө хураамжаараа бүрдүүлдэг тус тэмцээний шагналын санг сонирхуулбал: 

  • Нэгдүгээр байр нь 700,000 төгрөг + 480,000 төгрөгийн тоглолтын эрх
  • Хоёрдугаар байр нь 600,000 төгрөг + 400,000 төгрөгийн тоглолтын эрх
  • Гуравдугаар байр 500,000 төгрөг + 320,000 төгрөгийн тоглолтын эрх
  • Шилдэг тамирчин тус бүр 100,000 төгрөг

Дараагийн тоглолт энэ сарын 28-ны бямба гаригт болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)