Зуны гурван сард жилийн орлогоо бүрдүүлдэг айл олон

Айл өрхүүдэд ногоон аж ахуй эрхлэхийг сурталчлан, хашаандаа хүнсний ногоо, мод, жимс, эмийн ургамал зэрэг 50 гаруй төрлийн мод, хүнсний ногоо тариалж ойрын хүний нүдийг мялааж, холын хүний чихийг баясган, ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлж буй агрономич Ж.Бяцхандаа гуайнд очлоо. Тэрбээр 1986 онд 30 гаруй насандаа гурван хүүхдээ дагуулан хуучнаар Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэхээр Ховдоос нийслэлийг зорьжээ.

Сургуулиа төгссөн цагаас өдийг хүртэл газар тариалан, тэр дундаа өрхийн аж ахуй эрхэлсэн бөгөөд бага талбайгаас хангалттай ургац авч, өрхийн орлогоо өсгөх талаар бусдад үлгэр, дуурайл болж яваа нэгэн юм. 1996 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Ногоон хувьсгал” хөтөлбөрт тэрбээр хамрагдсанаар хүмүүст зааж сургах, ногоон аж ахуйн үр шимийг түгээн дэлгэрүүлэх болсон аж. Ядуурлаас гарах нэг арга бол айл бүр тариалан эрхэлж, хэрэглээнийхээ хүнсний ногоо, жимсийг тарьж, мод үржүүлэх хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Нийслэлийн гэр хорооллын айл, өрх хашаандаа бага ч атугай ногоо тарьснаар хотын ногоон байгууламж нэмэгдэн, уур амьсгал чийгшиж, орлого нь өснө. Хүн бүр том талбайд тариалан эрхэлж чадахгүй ч хашааныхаа газрын хэсэгхэн зайд ногоо тарьж, үр шимийг нь хүртэх боломж бий. 20 гаруй жил өрхийн тариалан эрхэлсэн Ж.Бяцхандаа бага талбайгаас боломжийн ургац авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өөрсдийн боломжид тулгуурлан газрын өгөөжөө хүртэх сургалтыг Монгол Улсын бүх аймаг, суманд хийсэн гэнэ.

Тэднийх гурван айлын буюу 2000 орчим ам метр талбайд алим, лийр, чавга, гүзээлзгэнэ, интоор, амтат гуа, төмс, манжин, сармис, өргөст хэмх, гишүүнэ, чихэр өвс, нарс, гацуур, гандигар зэрэг 30 төрлийн хүнсний ногоо, 20 гаруй төрлийн жимсний мод, бут мөн эмийн ургамал тариалдаг. Дунджаар нэг ам метр талбайгаас таван кг ургац хурааж болдог нь 100 ам метр талбайгаас 500 кг хүртэлх ургац авах боломжтой гэсэн үг. 500 кг ногоо гэдэг таван ам бүлтэй айлын нэг жилийн хэрэгцээ. Үүнийг хааш хаашаа арван алхам газраас л авдаг гэвэл газрын өгөөж гэдэг шавхагдашгүй юм. Хөрсийг зөв бордож, шаардлагатай үед зохих шим тэжээлээр хангаж чадвал хэдэн арван жилээр ч ашиглаж болох нь.

Шороог бордож тэжээгээд хөрс болгодог ч дан шороо ч гэсэн ургамлын үндсийг барьж байх чухал үүрэгтэй гэнэ. Хүмүүс газар тариалан эрхлэх, ногоо тарих гэхээр л маш их ажил хэмээн халгаж, зүрхшээдэг. Гэтэл 2000 ам метрт тариалсан 50 гаруй төрлийн тарималд долоо хоногийн гурван өдөр 2-3 цаг зарцуулахад л хангалттай юм билээ. Аграномич Ж.Бяцхандаа 1994 оноос хойш нэг ч удаа цалин авч үзээгүй бүх орлогоо тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өгөх болон мод, үрсэлгээ, ногоо борлуулснаар олжээ. Харин Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төслийн зохицуулагчаар сүүлийн 4-5 жил ажиллаад цалинтай болжээ. “2000 оны эхээр уг төслийн дэмжлэгтэйгээр айлын хашаанд төмс тарих зөвлөгөө өгсний дараахан үрийн төмсөө малтаад идчихсэн айлууд байсныг бодоход


...1000 төгрөгөөр шар манжингийн 1000 үр худалдан авдаг. Түүнээс 1000 манжин ургуулж болно гэсэн үг. Нэг манжин 300 орчим граммтай, 500 төгрөгийн үнэтэй гэвэл нэг төгрөгийг 500 төгрөг болгож буй. Ийм орлогыг газраас л олж болно...


өнөөдөр хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж, амьжиргаагаа дээшлүүлэхийг хичээх болжээ” хэмээн тэрбээр баяртай байв. Одоогоор өрхийн тариалан эрхлэхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь ус. Нэг модыг багаар бодоход долоо хоногт хоёр удаа, 40-50 литр усаар “тэжээх” шаардлагатай. Ус үнэтэй, талбай услах нь цаг, хүч, хөрөнгө зарцуулсан ажил бөгөөд айл бүр хашаандаа худаг гаргах боломжгүй зэрэг нь тэдний том бэрхшээл аж. Гэхдээ “Монгол ногоо” төслөөс ногоон аж ахуй эрхлэгчдийг гудамж, хороогоор нь нэгтгэн гүний худаг, өвлийн хүлэмж, зоорьтой болгосон төдийгүй илүү гарсан бүтээгдэхүүнээ борлуулах суваг нээж өгч буй юм байна.

Түүнчлэн хогийн ургамлыг ч тариаланд ашиглаж болох ба шарилжийг цэцэглэж тоос гаргахаас нь өмнө түүж, бутлаад, хамгийн сайн бордоо болгодог төдийгүй харшлаас урьдчилан сэргийлэх нь. Мөн моджуулахад таван метрийн өндөртэй болж өсдөг гандигарыг түлхүү суулгаснаар сүрлэг, эрүүл мэндэд харшилгүй ойтой болох боломжтой зэргийг тоочвол бид “гар дороосоо” л ногоон аж ахуйгаа цэцэглүүлэх боломж бүрэн байна. Өрхийн аж ахуй эрхлэгч, агрономич тэрбээр “Хөдөлмөрлөж л чадвал хэнд ч сайхан амьдрах боломж бий. Жижиг талбайтай ч жилийн орлогоо зуны гурван сард бүрдүүлдэг өрх олширсон. Манайх дөрвөн хүүхэдтэй бүгд айл, өрх болцгоосон.

Бид гурван айлаараа орлогынхоо 60-100 хувийг хашааныхаа газраас олдог. Тухайлбал, 1000 төгрөгөөр шар манжингийн 1000 үр худалдан авдаг. Түүнээс 1000 манжин ургуулж болно гэсэн үг. Нэг манжин 300 орчим граммтай, 500 төгрөгийн үнэтэй гэвэл нэг төгрөгийг 500 төгрөг болгож буй. Ийм орлогыг газраас л олж болно. Мөн манай хашаанд ургаж буй “Витаминский” сортын чацарганы нэг бутнаас 15 кг жимс авдаг. Чацаргана болон үхрийн нүдний 20 буттай айл жилдээ 300 кг жимс хураах бололцоотой. Энэ нь нэг айлын жилийн хэрэглээнд хангалттай хүрэлцэнэ. 20 ширхэг бутыг арчлах хөнгөхөн ажил шүү дээ. Санаачилгатай байгаад цаг заваа зөв зарцуулж чадвал талбай жижигдэхгүй.

2007 оны зун “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн маань 10 жилийн ойн ажлын хүрээнд манай хашаанд сургалт, өдөрлөг болсон юм. Тэр үеэр салбарын нэг мэргэжилтэн “Танд 500 мянган төгрөг тушаагаад, гүний худагтай болох боломж олгоё” гээд худагтай болоход тусалж билээ. Энэ бол төрөөс авсан том “шагнал” маань юм даа” хэмээсэн. Мөн тэрбээр “Монгол ногоо” төслийн багийн сургагч багш нартай хамтран айл өрх, албан байгууллагын тариалангийн газарт нэг цагийн 10 000-100 000 төгрөгөөр сургалт явуулдаг аж. Тэд ногоо тарьж, ургуулахыг заахаас гадна хөрсөө хэрхэн арчлахыг сургадаг.

Ямар ч хөрсийг зөв арчилж, байгалийн гаралтай бордоо хэрэглэснээр хэдэн зуун жилээр үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Хүн зүгээр сууснаас дасгал хөдөлгөөн хийвэл эрүүлжин, урт насалдагтай адил хөрс ч гэсэн амьд организм тул тариалан эрхэлж, сийрүүлж, бордож, шаардлагатай бичил орчныг нь бүрдүүлж өгснөөр удаан хугацаанд үржил шимтэй байдаг байна. “Бид хөрсний усны асуудлаа зөв шийдэхийн тулд судалгаа явуулж, хэдэн айлын дунд, ямар хэмжээний газарт гүний худаг гаргавал тохиромжтой, усалгаанд саарал ус хэрэглэж болох, эсэх талаар судалж байна.

Бас сүүлийн үед агрономич мэргэжлээр суралцагч цөөрсөн. Өнгөрсөн жил арав хүрэхгүй, энэ жил 20 орчим хүн л агрономичоор төгссөн байна. Хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчин дутмаг, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллаж чадахгүйн улмаас тариалан эрхлэлт хөгжихгүй, ургацын чанар мууддаг. Ямар ч аж ахуй эрхэлсэн эхлээд мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсох хэрэгтэй” гэж онцоллоо. Тэрбээр 15 000 гаруй өрхөд сургалт явуулж, тариалан эрхлэх хүслийг нь нээж өгснөөс 30 орчим хувь нь идэвхтэй ажиллан, газрынхаа үр шимийг хүртэж буй нь чамлахаар үр дүн биш гэж байсан.

Манай улс сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарыг дэмжсэний дүнд төмсөө 100, хүнсний ногооныхоо 30 хувь, жимс, жимсгэнийхээ 2-3 хувийг дотоодоосоо хангаж буй. Үүнийг нэмэгдүүлж, мөн өрх бүр ногоон аж ахуй эрхэлбэл хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах, ядуурлыг бууруулах зэрэг ач холбогдолтой билээ.


Бэлтгэсэн: С.ЦЭРЭНДУЛАМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)