Зулын 25

Зулын 25-нд эмээ маань үзэмтэй тос хольж өгдөг сөн. Тэр амтыг би одоо ч санадаг. Ээжийн минь ээж, жижигхэн биетэй, буурал толгойтой эмээ өвлийн эхэн сар гарангуут л байн байн хуанли эргүүлж, сумын төв явах хүнд элсэн чихэр, үзэм захидаг сан. Богд Зонховын мэлмий гийж, жанч халсан их дүйчин өдөр буюу өвлийн тэргүүн сарын 25-нд хүүхэд баярлуулахын тулд аль болох амттай тос холихоор зэхэж буй хэрэг. Тэгээд хүлээсэн өдрөөсөө 2-3 хоногийн өмнө тосоо хольж, гоё хээтэй хэвэнд хийгээд хөлдөөнө. Бас өвлийн идшэнд гаргасан малын бөөрний өөхийг шаргааж, тос бэлдээд зулын 25-нд зул өргөдөг сөн. Ингэвэл амьтны амь дутаасан нүгэл нимгэрдэг гэж сүсэглэдэг байсан юм.

Ганц эмээ минь ч биш, уулын мухрын өвөлжөөнд айлссан хот айлынхан бүгд тэр өдрийг угтан дор бүртээ базаана.

Ингээд Зулын 25-ны үдэш болоход хүмүүс гэрийнхээ гадна зул өргөж, хүүхдүүд айл хэсэж хувь хишиг хүртэнэ. Хэрэг болгон зорьсон нэгэн л биш бол хэр барагтай хүний бараа харагдахгүй буйдхан өвөлжөөнд хэдэн гэрийнхээ аль л амттай, шимттэйг зооглох хүүхдүүдэд айл бүхний гадна зулын гэрэл анивчсан энэ үдэш насан турш мартагдахгүй сайхан дурсамж үлдээжээ.

Үзэмтэй, чихэртэй хөлдөөсөн тос мэрэхийг одоо юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Хүүхдүүд хэдэн өдөртөө л айл, айлын тосны амтыг шүүн хэлэлцэнэ. Сэтгэлийн минь мухарт дараатай байсан энэ дурсамжийг уудлан, хуваалцахад хүргэсэн нэгэн явдал саяхан болсон нь халловены баяр. Хүүхдүүдэд амттан өгдгөөрөө энэ хоёр өдөрт төстэй зүйл байх шиг гэж бодов.

Харин агуулгын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. Монголчууд хэзээнээсээ ёр, бэлгэдлийг чухалчилдаг ард түмэн. Амилсан үхдэл, ад зэтгэр, аль муу, муухайг ёрлох харийн баярт хөл алдахын оронд буян хийхийг чухалчилдаг Зулын 25-ныг тэмдэглэж, хүүхэд, багачуудаа баярлуулдаг заншлаа сэргээвэл яасан юм бэ. Зулын 25 бол шашны шинж чанараа гээж, монголчуудын ахуй амьдралд ойртож наалдсан уламжлал билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)