Зудад нэрвэгдэх эрсдэлтэй аймгуудын 12.8 сая малыг борлуулах шаардлагатай

Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн зудын эрсдэлийн үнэлгээг гаргахдаа зургаан аймагт өвөлжилт хүндрэх аюултайг онцгойлон анхааруулсан юм. Уг үнэлгээгээр Баянхонгор аймаг зудад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн түвшинд багтсан. Мөн Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь ч өндөр эрсдэлтэйд тооцогджээ. Эдгээр аймаг гантай байсан учир мал тарга тэвээрэг авч чадалгүй хүйтэнтэй золгож буй юм. Тиймээс тарга хүчнийх нь үзүүлэлт дундаас доош байгаа 12.8 сая малыг зайлшгүй борлуулах шаардлагатай гэсэн тооцоог УОК-оос гаргасан байна. Ингэснээр малчдын хохирлыг багасгах боломжтой гэж үзжээ. Үүний тулд 19 цэгт хээрийн бой ажиллуулахаар ярилцаж буй аж. Өөрөөр хэлбэл, малчны хотоос мал худалдан авч бэлдээд, махны үйлдвэрт нийлүүлэхээр судалж байгаа гэнэ. УОК-ын шуурхай бүлгийг дээрх аймгуудад ажиллах үед нэг ямааны мах 8-10, хониных 12-13 кг жинтэй байжээ. Уг нь тарга тэвээрэг сайтай бог малын мах дунджаар 20-30 орчим кг жин татдаг юм байна. Цар тахлын үед дотооддоо махны нөөцөө хангалттай бэлдэх, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх нь чухал буйг ажлын хэсгийнхэн онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)