Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог баталлаа

 Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй ч эрүүгийн цагдаагийн болон мөрдөн байцаах албаныхан бэлтгэл ажлаа хангаж, зарим бүтэц орон тоогоо баталжээ. Мөрдөх албаны хууль хэрэгжиж эхлэхээр энэ бүтцээрээ ажиллах аж. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар нэртэй байгуулж буй энэ алба 125 хүний бүрэлдэхүүнтэй, улсын хэмжээнд байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэх юм.

Тус газрын даргаар Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх, тус газрын бүрэлдэхүүн болох Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Х.Доржсүрэн нар ажиллахаар болжээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч О.Амарсанаа, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Н.Очгэрэл, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Халиунбаярыг томилжээ.

Харин Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Ц.Баянмөнх, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар хурандаа Д.Энхтөр, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Н.Батзориг нарыг томилсон гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)