Зохиомол хомсдол бүү үүсгээрэй

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалт, халдваргүйжүүлэх бодис, зарим эм, хоол, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж буй иргэдийг буруутгахгүй. Гэхдээ нийтээрээ хэт туйлширч, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдтөл зохиомол хомсдол битгий үүсгээч ээ. Нийгмийн сүлжээнд тархаад буй “Коронавирус Монголд ороод ирсэн” гэх ташаа мэдээллүүдээс болж “Бөмбөгөр” худалдааны төв, “Имарт” зэрэг хүнсний томоохон дэлгүүр өчигдөр олны хөлд дарагдлаа. Гурил, будаа, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний барааны лангуунуудад иргэд дараалал үүсгэж, үймээн шуугиан дэгдээв. Үдээс хойш гэхэд “Имарт” дэлгүүрийн гурил, будаа дууссан гэнэ.

“Бөмбөгөр”-ийн мах, хүнсний ногооны тасгууд ч дүүрэн хүнтэй, тус захын хажууханд нь байрлах гурилын үйлдвэрт урт дараалал үүссэн. Хүнсний бүтээгдэхүүнийг яагаад их хэмжээгээр нөөцлөх болсныг тэднээс лавлахад “Удахгүй “Нарантуул” болон томоохон хүнсний захуудыг хаана гэсэн. Хил хаачихвал бүр хэцүүднэ. Тиймээс мах, гурилаа амжиж нөөцлөхгүй бол горьгүй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Наймаачдын хэрэглэж буй башир арга. Өвчнийг далимдуулан бараагаа үнэд хүргэж, зарах гэсэндээ худал цуурхал тараасан” хэмээн өгүүлэв. Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч ингэж нэг талыг барьж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болохгүйг албаныхан иргэдэд анхаарууллаа. Учир нь манай улсад гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай бий тул ЭМЯ болон ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, албан ёсны мэдээллийг тухай бүрт нь авахыг хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)