Зохиолч сэтгүүлч Х. Болор-Эрдэнэ: "Би эр хүнд хайртай жүжиг"-ийн дуу төрсөн түүх

Дууг бүтээсэн өдөр бидний хэн хэн нь ардаа яаруу ажилтай байсан ч "Хувьсал" продакшны продюсер Цоггэрэлийн шахалтан доор тун чиг мэрийн байж бичсэн юм. Бүтээлч уулзалт нэгэн амралтын өдөр тохиосон тул Балхаа ах гэргийгээ дагуулан ирсэн байв. Дууны ая дан нэгэнт бэлэн болсон байсан тул Балхаа ахын даралтат хөгжмийн аян дээр /амьд хөгжим дээр, кккк/ үгийг нааж, утгыг зохиолтой яв цав уялдуулах шаардлага гарч байлаа.
Өнгөрсөн өдрийнх нь үдшээр Цоггэрэл жүжгийн зохиолыг надад гардуулсан байсан тул агуулгын хувьд бэлтгэлтэй байсан гэхэд болно. Харин ая, эгшиг нь ямар байгаа талаар ямар ч төсөөлөл байхгүй байв. Ингээд нөөц хэдэн үгийг үдэш нь сууж бэлтгээд өглөө нь дуу бичлэгийн "Стар" студийг зорьсон нь тэр. "Стар" дээр бид сурсан зангаараа хоол, цай эргүүлэнгээ дууныхаа гол шугамыг хэрхэн гаргах талаарх миний хар зургийг авч хэлэлцэн олонхийн саналаар баталж орхив. Найз бүсгүйчүүдийн маань дунд ч хүний газарт ажиллаж, амьдрахын зовлон бэрхшээл, эх нутаг, гэр бүлээ санан гансрахын гашуун гунигийг тээн амьдарч байгаа нь цөөнгүй тул энэхүү дууны үгийг бичихэд амьдралд ойр дөт санагдаж байлаа. Ингээд дууны санааг баталсанаас хойш цаг хагасын дараа цоо шинэ дуу бэлэн болж, Балхаа ахын дарсан аян дээр миний бие дуулж, Цоггэрэл сонсогч, шүүмжлэгчээр татагдан орсоноор бичлэгийн ажилдаа шуударсан юм.

Балхаа ах бид хоёрын хамтран хийсэн гурав дахь уран бүтээл ийнхүү сонсогчдын дуртай дуу болсныг жүжгийн нээлтийн үеэр тайзан дээр тааралдахдаа л бид хоёр дөнгөж мэдээд байлаа. Балхаа ах "Энэ аягүй гоё дуу болчихсон байна, тээ?" гэж надаас асуухад би өөдөөс нь мөрөө хавчаад "Харин тийн" хэмээн гайхсанаа нуусангүй.


"Би эр хүнд хайртай" жүжгийн дуу


Зүрхэнд минь гэрэл дүүрэн

Зүүдэнд чи минь надтайгаа байгаач

Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч

Зоргоороо хайрланаа

Хүйтэнд ургах цэцэг шиг

Дагжиж би энд даарсан ч гэлээ

Хүний газар чамайгаа санан санасаар

Хүслээрээ хайрланаа

Дахилт:

Бүтэн явъя аа, чинийхээ төлөө

Бүдэрч босъё, бусдын өмнө

Инээж туулъя, энэхэн гунигийг

Ивээж ойлгоорой намайгаа

Чиний эзгүйд би уйлмаар

Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр

Жигүүртэйсэн бол дүүлэхсэн

Далавчтай бол нисэхсэн


Зэмлэл ирлээ ч би хүлээнэ

Зэвэрч нугарахгүйг би хичээнэ

Хонгорхон үрээ би чинь бүтэн жаргаана

Холоос би тэмүүлнээ

Үнсэлтээр цагийг зогсоож

Салхиар чамтайгаа би уулзана аа

Харийн газраас хоног тоолон тоолсоор

Харцаараа тэмүүлнэ ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)