Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх боломжгүй

Монгол Улсад 2002 оноос хойш хэрэгжсэн Эрүүгийн хуулийг 15 жилийн дараа шинэчилж, зарим үйлдлийн ялын бодлогыг хөнгөрүүлэн, шинэ төрлийн ял нэмж оруулсан. Тухайлбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр оруулсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газарт очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.

Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно гэж уг зүйл заалтад тусгасан юм.

Гэвч хуулийн энэ заалт амьдралд хэрэгжсэнгүй. Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр 2017 онд нэмэлт оруулсан ч бас л хойшлуулах болсон сурагтай. Ингэхдээ бүр 2022 он хүртэл хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх санал УИХ, Засгийн газарт оруулах болж байгаа гэнэ. 2017 онд энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулахдаа энэ ялыг хэрэгжүүлэхийн тулд тусгай гав, техник хэрэгсэл хэрэгтэй. Түүнийг нь худалдан авах, Замын хөдөлгөөний удирдлагын төв шиг том хяналтын цогцолбор байгуулах хөрөнгө хэрэгтэй. Энэ хөрөнгө мөнгийг шийдэж байж хуулийн эл заалтыг хэрэгжүүлнэ” гээд энэ он болтол түдгэлзүүлсэн байв. Энэ удаа ч бас л хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй, БНСУ-аас авах байсан тусгай гавных нь үнэ нэмэгдсэн гэх зэрэг нөхцөл байдал үүссэн аж.

Үүнээс гадна цөөхөн хүн амтай манай улсад тохирохгүй, энэ төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийн болон гэр бүлийнхнийх нь эрхийг зөрчинө гэж хууль хяналтын байгууллагын олон хүн үзэж байгаа юм. Тухайлбал, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн хүн гартаа гав зүүчихээд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах үед бусад хүүхдийн эцэг, эх мэдээж харна. Түүнээс улбаалаад ял шийтгүүлсэн хүний үр хүүхдийнх нь эрх зөрчигдөнө хэмээн нэг бус хуульч ярьж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)