“Зориг”-ийг хүргэнэ

Уран бүтээлчид адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болгожээ. Тодруулбал, “White horse film”, “Megun media”-гийнхан хамтран “Зориг” нэртэй кино бүтээснээ ирэх долоо хоногийн эхэнд олны хүртээл болгох аж. Тус киноны ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, зураглаачаар Б.Баатар, жүжигчдийг хариуцсан найруулагчаар Н.Ялалт ажиллажээ. Гол дүрд О.Самданпүрэв, С.Бат-Эрдэнэ зэрэг залуу уран бүтээлч тоглосон аж. Найруулагч Б.Гарамханд “Сүүлийн үед дэлгэцийн олон бүтээлд тоглож, өөрийгөө таниулж байгаа авьяаслаг, залуу жүжигчдийг тоглуулсан нь киноны гол дүрийн амьдралын хэмнэл, огцом эргэлтүүдийг тодотгож, үзэгчдийн сонирхлыг ихэд татна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Зориг” кинонд 1986-1996 оны Монголын нийгмийн байдал, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болон залуу насны алдаа оноотой амьдралын түүхийг тодоор өгүүлэхийг зорьжээ. “Өнгөрсөн цаг хугацааны үйл явдлыг өгүүлэх учир тус киноны зураачийн багт олон уран бүтээлч ажилласан. Тухайн цаг үеийг санагдуулам орчныг бүрдүүлж, хувцас хэрэглэлээ ч онцгой анхаарсан. Мөн зураглаачдын ур чадварын түвшнийг ахиулахуйц шинэ технологиудыг ашиглахын зэрэгцээ маш эрсдэлтэй зураг авсан” гэж онцоллоо.

Киноны зургийн дийлэнх хувийг өнгөрсөн оны найм, есдүгээр сард Дархан-Уул аймагт авч, энэ онд Улаанбаатар хотод үргэлжлүүлж дуусгажээ. Жил гаруйн хугацаанд бүтээсэн уг кинонд гол дүрүүдээс гадна 200 орчим жүжигчин оролцон тоглосон байна. Түүнчлэн киноны арын албанд 100 гаруй уран бүтээлч ажиллаж, тухайн цаг үеийн 10 төрлийн 30 орчим машиныг дэлгэцэд харуулах аж.

Бэлтгэсэн:А.Тайшир