ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН АРГА БИШ

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

-Хүүхдийг зодож шийтгэх нь буруу гэдэг энэ тухайд? Монголчууд үүнийг юу гэж үздэг юм бол? 

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийг мээрээ таслан зогсоох, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох олон нийтэд сануулах өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан байдаг. Энэ үйлсэд улс орнууд 2001 оноос хойш нэгдэн дуу хоолойгоо өргөж, дэлхий нийтээрээ 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүүхдийг зодож шийтгэхийг хориглох өдөр болгон тэмдэглэж иржээ. Манай улс нийгмийн бүхий л орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох тухай хуулийг 2016 оны 02 дугаар сард баталж 09 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон байна. Манай улсад Хүүхдийг Ивээх Сангаас “Хайраар Үлгэрлэе” нөлөөллийн аяны хүрээнд 2020 оны 6 сард 820 эцэг эхээс “хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг” талаар судалгаа авчээ. Судалгаанд бие мах бодын шийтгэл хэрэглэх, сэтгэл санааны дарамт үзүүлэх нь хүүхдийн хөгжилд ямар нэгэн хор хохирол учруулдаг гэж нийт оролцогчдын 86 хувь нь үзэж, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь хүүхдийн хөгжилд эерэг нөлөөтэй гэж 92 хувь нь үзсэн байна. Гэтэл хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл оногдуулах, айлган сүрдүүлж болно гэж судалгаанд оролцогчдын 28 хувь нь үзэж хүмүүжлийн арга барилдаа зодож шийтгэх аргыг хэрэглэсээр л байгаа нь харагдаж байна.

-Хүүхдийг хүмүүжүүлэхдээ ихэвчлэн юун дээр алдаа гаргадаг вэ? 

Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь тэд уур, бухимдалтай байхдаа хүүхэддээ гар хүрч, орилж загнадаг, сайхан ааштай байхдаа хүүхэддээ үг хэлэхгүй дураар нь байлгаж хүссэн бүхнийг нь биелүүлдэг. Хүүхэд хүмүүжлийн явц нь эцэг эх таны сэтгэл санаа ямар байхаас үл хамаараад өдөр тутамдаа нэгэн хэвийн байх хэрэгтэй. Лондонгийн их сургуулийн “Сэтгэл судлалын институт”-ийн хийсэн судалгаанд хүн тайван биш, уурлаж бухимдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгааг зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас 5 дахин хүчтэй цохидог гэсэн судалгаа байдаг. Тиймээс үүнийг та онцгой анхаарах нь чухал. 

-Тэгвэл энэ нь хүүхдийн амьдралд яаж нөлөөлдөг вэ? 

Аав ээжийн ярилцаж байгаа, харилцаж буй загвар хүүхдийн насан туршдаа ямар нэгэн асуудал тулгарвал түүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? гэдэг загвар нь болж өгч байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудал тулгарахад ээж аав нь хүүхдээсээ асууж шийддэг бол тухайн хүүхэд асуудал, бэрхшээл боломжгүй мэт зүйл тохиолдоход айж балмагдах, бэрхшээлээс зугтах, тойрох арга замыг сонгохоос илүүтэй бусад хүмүүстэй хуваалцдаг хүн болдог байна. Зодож шийтгэх сахилгын шийтгэл амсаж өссөн хүүхэд өөрийн сөрөг сэтгэл хөдлөлийг удирдах чадвар сул, өөрийгөө илэрхийлэх харилцааны ур чадвар дутмаг, өөрийгөө бусдаас ялгаатай гэж хандах асуудалд түрэмгийллээр ханддаг, зан араншин түрэмгий зэрэг сул талтай болж төлөвшдөг.

-Эцэг, эхчүүд ямар хүмүүжлийн арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй вэ?

Хүүхдийнхээ нас, бие сэтгэхүйн хөгжилийг маш сайн мэддэг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээс туслалцаа авдаг, хүүхдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүүхэдтэйгээ харилцаж байвал хүүхэд тань өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болж төлөвшинө. Сэтгэл судлаач Жоан Е.Дюррантын өдөр тутамд хэрэглэх хүмүүжлийн эерэг арга эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагад дэлгэрэнгүй тусгасан байдаг.

үүхэд хүмүүжлийн эерэг арга гэж юуг хэлээд байна вэ?

“Би хүүхдээ ямар хүн болгох гэж байгаа вэ?” гэдгээ сайтар бодсон байх хэрэгтэй. Энэ нь таны хамгийн эхний суурь зарчим буюу 1-рт холын зорилгоо тодорхойлж буй хэрэг юм. Эцэг эхчүүд өдөр тутамдаа хүүхдээ хүмүүжүүлэхдээ том болоод ямар хүн болгохыг хүсэж байгаа, тэр л зорилгоо бодож, санах. Алсын зорилгоо тодорхой болгосны дараа хүүхдэдээ элэгсэг дотно сэтгэлээр хандах, аливааг ойлгуулах 2-р зарчмыг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хүмүүжлийн эерэг аргын гурав дахь тулганы чулуу нь эцэг эхчүүд хүүхдээ хэр хэн бодож сэтгэдэг, хэрхэн мэдэрч хүлээн авч байгааг ойлгох явдал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас зүй, бие сэтгэхүйн хөгжлийн онцлогийг мэддэг байх нь зайлшгүй хэрэгтэй. Асуудал шийдвэрлэх дөрөв дэх чухал зарчим бол нас насны хүүхдэд тохиолдож болох асуудал, бэрхшээл бий. Түүнийг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт шийдлийг олж, эергээр шийдвэрлэх явдал юм. Жишээлбэл, 2 настай хүүхдийн “би” өөрөө гэдэг насны онцлогийг ойлгож, хүүхдэдээ өөрөө бие даахын аз жаргалыг аюулгүй байдлаар мэдрүүлэх бол, 12 настай хүү/охиныхоо шилжилтийн насны онцлог, дааврын өөрчлөлтийн талаар хүүхэдтэйгээ ярилцаж, гарч байгаа асуудлын гарцыг хамтдаа хайгаарай. Ингэж та хүүхдэдээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж, болох болохгүй зүйлийн учир холбогдлыг нас насны хөгжилд тулгуурлан, таниулан ойлгуулж, амьдралд гарах аливаа асуудлыг гарц, шийдлийг хамтдаа эергээр шийдвэрлэснээр бие даасан, зөв сайн хүнийг бий болгож байгаа юм. Харин эсрэгээр тухайн үеийн бэрхшээлтэй нөхцөл байдалд түүртэж хүүхдийн хүсэл сонирхлыг няцаан үгүйсгэх, зодож шийт гэх хүмүүжлийн аргыг сонгож, өөрийн хүслийг тулгаж хэт хяналт дор хүмүүжүүлснээр хүүхэд тань таны хүсэн хүлээсэн, бие даасан зөв хүн болоход саад бэрхшээл тулгарна. 

-Зарим эцэг эхчүүд өөрийн гаргаж чадаагүй амжилтаа хүүхдэдээ тулгадаг. Үүнийг юу гэж үздэг вэ? 

Хүүхдийнхээ холын зорилгыг тодорхойлохдоо хүсэл сонирхол, сэтгэл зүй болон биеийн онцлогт тохирох эсэхийг харгалзана. Тухайн хүүхдийн онцлог, бодлыг нь харгалзахгүйгээр өөрийн гаргаж чадаагүй амжилт, өөрийн хүсэл сонирхлыг тулгах нь хүүхдэдээ дарамт бий болгож байгаа хэрэг.

-Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаар Монгол Улсад ямар үйл ажиллагаанууд хийгдэж байна вэ? 

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүүхдийг Ивээх сангаас зохион байгуулж буй “Хайраар Үлгэрлье” аяныг 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг мэргэжилтэн, судлаачид, эцэг эхчүүд талархалтайгаар хүлээн авч байна. Бид бүхэн ч гэсэн энэ аянд нэгдэж дуу хоолойгоо өргөж байгаадаа таатай байна. Энэ аяны гол зорилго нь хүүхдийг зодож шийтгэхгүй байх, хүмүүжлийн эерэг аргыг сонгохыг эцэг эхчүүдэд уриалж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд олон арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Тухайлбал олон нийтийг хамарсан судалгааны ажил хийгдэж эхний үр дүнгээ Хүүхдийг Ивээх Сангаас танилцуулсан байна.

-Ээж, аавууд өөрсдөө мэддэггүй хүүхдэдээ сэтгэл санаагаар дарамталсан үг хэллэг хэлдэг? Ямар үгс байдаг бол? 

Хүүхэд өөрийн эргэн тойронд байгаа, үзэж харж сонсож байгаа бүхий л үгс, хөдөлгөөн, хандлагыг толины тусгал мэт хүлээн авч байдаг. Уурандаа, бухимдсандаа сөрөг үгийг хэлж өөрийгөө болон хүүхдээ шархлуулсан олон эцэг, эхтэй нүүр тулан уулзаж байлаа. Энэ үг хэдхэн хормын дотор амнаас гардаг ч хүүхдийн сэтгэл санаанд дарамт болж үлддэг, мөн өөрийгөө тийм хүүхэд мэтээр хүлээн авдаг. Тэнэг, мангуу, хулчгар, өөртөө итгэлгүй, хэлгүй юм уу? Дүлий юм уу? Чихгүй юм уу? Ямар удаан юм, яасан их гүйдэг юм, хэнийгээ дууриасан юм бэ? зэрэг зарим эцэг эхийн өдөр тутмын өөрөө ч мэдэлгүй хэлдэг эдгээр үгс хүүхдийн сэтгэл зүйд хэчнээн хүнд тусдгийг бид ойлгох хэрэгтэй. Та дарга, удирдлагаасаа өдөр бүр ийм үг сонсдог бол хэчнээн хүнд байх билээ. Өөрсөд дээрээ тусгаад бодоход л ямар сэтгэл зүйн дарамттай байх нь ойлгомжтой. Тиймээс эдгээр үгийг аль болох хэрэглэхээс татгалзаарай.

Баярлалаа.