З.НАРАНТУЯА: Хөрөнгийн биржийн хувьцааны таван хувийг өрөндөө өгчихвөл хөрөнгө оруулагч итгэх үү

АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай болон 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар санал солилцжээ. Ирэх чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтад багтсан Татварын багц хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тэд илүүтэй анхаарч ажиллах бололтой. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон шийдвэрлэсэн бусад асуудлын талаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж, дүгнэлтээ ирэх долоо хоногт танилцуулах гэнэ. Тус хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өмч хувьчлалтай холбоотой төслийн талаар ярилцсан. Уг төслийг өргөн барихдаа Засгийн газар нэгдсэн байр суурь баримтлаагүй учраас анхааруулга өглөө. Төрийн өмчийн асуудал хариуцсан байгууллага болон холбогдох яамны байр суурь зөрүүтэй байна. Төсөлд тусгасан объектуудыг юуны төлөө, яах гэж хувьчлах гэж байгаа зорилго нь ойлгомжгүй, зарчим, хэлбэр нь ч өөр байсан.

Тиймээс объект бүрийн онцлогийг харгалзан ямар зарчмаар, хэрхэн хувьчлах вэ гэсэн байр сууриа Засгийн газар тодорхой болгож, нэг бүрчлэн хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Төрд ачаа үүрүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хувьд шилжүүлэх нь зөв гэдэгт манай бүх гишүүн зарчмын хувьд санал нэгдэж байгаа. Гэхдээ тухайлсан объектыг хувьчлахад бэлэн үү. Үүнийг хувьчилбал улсын хөгжлийн бусад үзэл баримтлалтай нийцэх үү, үгүй юү гэдгийг судалсан талаар хангалттай мэдээлэл өгвөл дэмжихэд бэлэн байна.

-Хөрөнгийн бирж, Төрийн банкийг хувьчлах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс хөрөнгийн зах зээлээ олон улсад нээлттэй болгоё гэж байгаа. Гэтэл оруулж ирсэн төсөлд “Хөрөнгийн биржийн тав хүртэлх хувийг Лондоны хөрөнгийн биржид буюу өрөндөө өгнө” гэчихсэн байгаа юм. Хэрэв хувьцааныхаа таван хувийг Лондоны хөрөнгийн биржид өрөнд өгчихвөл бусад хөрөнгө оруулагчид итгэл төрөх үү. Үүнээс эхлээд бодох юм их бий. Төрийн банк бол системийн хэмжээнд ач холбогдолтой. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж, жижиг зээл олгодог. Стратегийн хувьд санхүүгийн үйлчилгээг хөдөө орон нутагт өрсөлдөөнд оруулж буй ганц банк.

Улс төрийн оролцоотой учраас 2-3 жилийн дараа үйл ажиллагаа нь доголдох магадлал өндөр. Тиймээс хувьчлах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тэтгэвэр, тэтгэмж гээд орон нутгийг хөгжүүлэх бүх бодлого, хөтөлбөр Төрийн банктай хамааралтай байгаа. Хэрэв эдгээрийг мэргэжлийн санхүүгийн байгууллагаар олгохгүй болбол төсвийн үргүй зардал гарах үүд хаалга нээгдэнэ. Тиймээс хэрэгцээ, шаардлагадаа тааруулж орон нутгийн хөгжлийг хариуцдаг тусгай зориулалтын банк болгоход эсэргүүцэх зүйлгүй. Ийм жишиг бусад улсад бий.

-УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Үүнд цөөнхийн бүлгийн гишүүд нэлээд анхаарал хандуулж буй биз дээ.

-УИХ-ын гишүүд хуралдаандаа хариуцлагатай оролцож, ажил хэрэгч санал гаргаж, сайн хууль батлах үүрэгтэй. Үүний тулд хуулийг нь сайжруулна гэвэл маргахгүй. Гэхдээ одоо хэлэлцэж байгаа төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт бий. Энэ бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаарх Үндсэн хуулийн заалтаас хэтэрсэн зохицуулалт. Тиймээс үүнийг эргэн харах нь зүйтэй.

-Хаврын чуулганы үр дүнг танай бүлэг үнэлэх байх.

-Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой ямар хууль батлав, баталсан хууль, тогтоомжийн үр дүн гарч байна уу гэдгийг дүгнэнэ. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харж байж ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг гаргах нь зүйтэй. Эдийн засгаа солонгоруулах, бодит секторыг дэмжих, татварын шинэчлэл, нийгмийн даатгал, халамжийн үргүй зардлыг шийдэхэд чиглэсэн олон чухал хуулийн төсөл хэлэлцэх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)