З.НАРАНТУЯА: Олон улсын арбитрын шийдвэр эцсийнх

   УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан АН-ын бүлэг өчигдөр хуралдав. Тэд ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөл, Засгийн газрын гадаад өр, зээлтэй холбоотой болон бусад асуудал хэлэлцжээ.

Хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, тэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан албан ёсны дүгнэлт гаргахаар болжээ.

Мөн УИХ болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарал хандуулах гэж буйг дэмжиж байгаа юм байна. Гишүүн З.Нарантуяа “Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 74.4 хувьд хүрчихсэн байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дөрвөн тэрбум гаруй ам.доллар байсан бол одоо долоон тэрбум давчихлаа.

Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг хааж байгаа гэж тайлбарлаж буй. Гэтэл өмнөх өрийг дарахад тэрбум гаруй ам.доллар л зарцуулсан. Бусад нь хаачсан нь тодорхойгүй байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахин нэг тэрбум орчим ам.доллар зээлэхээр яригдаж байна” гээд гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай гэв.

Тиймээс тус бүлгийн зүгээс Засгийн газрын гадаад өр, зээлийн зарцуулалтыг эргэж харах ажлын хэсэг байгуулж буй юм байна.

Үүнээс гадна тус намын бүлэг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, “Тавантолгой”-той холбоотой цаг үеийн асуудлын талаар ч ярилцжээ. Улмаар стратегийн томоохон ордуудыг ашиглах гэрээ үр дүнгээ өгч буй, эсэхэд дүгнэлт өгөх ажлын хэсэг бүлгээс байгуулахаар болсон байна.

“Оюутолгой”-той холбогдуулан АН-ын гурван хүнийг баривчилсан тухайд бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оюутолгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийх эрхийг УИХ 2009 оны 57 дугаар тогтоолоор тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Уг гэрээг УИХ батлаагүй.

Ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалсан. Тус гэрээтэй холбогдож буй гол хүмүүсээс АН-ынхныг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэж болгоомжлоход хүргэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой асуудлын хүрээнд тэд ажлын хэсэг нэн яаралтай байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж буй аж.

 

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбогдуулан гаргасан арбитрын шүүхээр шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээрээ авч хэлэлцэх боломж бий гэж яриад байна. Энэ тухайд байр сууриа илэрхийлнэ үү?

     З.Нарантуяа:

-1958 оны Нью-Йоркийн конвенцод Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тусгасан байдаг. Одоогийн шийдвэр эцсийнх. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улсад эргэж авч үзэхгүй. Ямар ч гарц байхгүй гэсэн үг.


-“Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг УИХ-аас байгуулсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

     Д.Эрдэнэбат:

-Тус ажлын хэсэг анхны хурлаа хийсэн байна лээ. Гэхдээ уг ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтуудын дүнд үндэслэн дүгнэлт гаргах вий гэж болгоомжилж байна. Ингэвэл маш ноцтой. Ажлын хэсэг бүгдийг эхнээс нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой.

Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах. Түүнээс биш Оюутолгойн үйлдвэрийг шалгахгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний буруу, зөв нь юу юм, Монгол Улс яаж хохирсон бэ гэдгийг л дүгнэх ёстой.


-АН шалгагдаж байгаа гишүүдийг хамгаалах уу. С.Баярцогтыг АН-аас хөөчихсөн шүү дээ.

     Д.Эрдэнэбат:

     -Оюутолгойн асуудлаар нийгэмд маш том эргэлзээ бий болоод байна. Монгол Улс авлига, төрийн баялгийг оффшор дансанд хийсэн асуудалтай шударгаар тэмцэнэ гэж бодож байгаа бол бүх зүйлд тэвчээртэй хандах ёстой. Гишүүдээ өмгөөлөлгүй яах вэ. Асуудалд тэнцвэргүй, улс төрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой.

АН-ын гурван гишүүн үнэн, зөвөө шалгуулаад гараасай гэж бодож байна. Яагаад зөвхөн АН-ын гишүүдийг бариад байгаа юм бэ гэж эмзэглэж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх вий гэж болгоомжилж буйгаа дахин хэлье. Хэсэг хүнийг ялласнаар гэрээ сайжирна гэж байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)