Зах зээлээ “шоглосон” Засгийн газрын үнэ

Монгол Улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт кг ноолуур 25 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл зүүн хязгаараас үйлдвэрлэгчид кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авах болсон. Манай улсын хоёр захын хязгаар нутгийн ноолуурын үнэ дөрөв дахин зөрүүтэй болжээ. Зүүн бүсийн ноолуурын чанар өндөр, баруун талынх муу байдаг. Иймээс өмнө нь зах зээлд үнэ ялгаатай тогтдог байсан. Гэхдээ арай ч дөрөв дахин зөрүүтэй үнэ тогтдоггүй. Зүүн бүс нутагт өнгөрсөн жил кг ноолуурын үнэ 135 мянган төгрөгт хүрсэн юм. Тэгвэл баруун бүсэд кг ноолуурын ханш 90-100 мянган төгрөгийн ханштай байв. Зүүн, баруун бүсийн ноолуурын үнэ 30-40 хувийн зөрүүтэй байдаг. Энэ жил дөрөв дахин зөрүүтэй болсон нь Засгийн газраас үнэ тогтоосонтой холбоотой.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэж мэдэгдсэн билээ. Улмаар зүүн бүсийн ноолуурыг 105, төвийнхийг 85-90, барууныхыг 75 мянган төгрөгөөр худалдаж авах үнэ тогтоосон юм. Уг нь ноолуурын чанар, өмнөх жилүүдийн ханшийн жишгийг харгалзаж энэ үнийг тогтоосон байна лээ. Олон түмэн Засгийн газар нэг үнэ тогтоогоод, түүгээр нь ченжүүд ноолуур худалдаж авах юм байна гэж бодсон. Гэтэл зах зээлд хоёр үнэ тогтов. Өдгөө улсын зүүн бүс нутагт ноолуур худалдаж авах Засгийн газрын, төв болон баруун бүсэд зах зээлийн үнэ үйлчилж байна.

Засгийн газраас тогтоосон үнээр нийт 300 тэрбум төгрөгийн өртөг бүхий ноолуур худалдаж авна. Тодруулбал, Засгийн газар ноолуур бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкнаас жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоод, тогтоосон үнээр ноолуур худалдаж авах тохиролцоо хийсэн. Түүнийгээ бодлогын гэрээ гэж нэрлээд буй. Манай улс өнгөрсөн жил 9.4 мянган тонн ноолуур самнаж байв. Энэ онд 10 мянган тонн давах тооцоо бий. Тэгэхээр бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд зээлсэн 300 тэрбум төгрөгөөр 3000 тонн ноолуур худалдаж авах боломжтой. Дотоодын үйлдвэрүүд ч үүнээс илүү хэмжээний ноолуур боловсруулж чадахгүй. “Ковид-19” өвчний тархалтын улмаас хилээ хааснаар өмнөд хөршийн ченжүүд ирж ноолуур худалдаж авах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрш рүү хийх экспорт зогссон гэсэн үг. Ийм үед 7000 тонн ноолуур хог болох бодит эрсдэлтэй нүүр тулаад байгаа билээ.

Засгийн газраас 7000 тонн ноолуурыг хэрхэх тухай ямар ч байр суурь илэрхийлээгүй байна. Монголын хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар Тяньжин дэх “Бохай” таваарын биржийнхэнтэй ноолуураа борлуулах талаар ярилцаж байгаа гэж мэдээлсэн. Гэвч тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. Ямар нэг хэл чимээ сонсогдсонгүй. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр ХХААХҮЯ-ныхан ноолуураа борлуулах олон арга сэдэж байгаа гэсэн. Ингэхээс ч аргагүй. Олон тэрбум төгрөгөөр үнэлэгддэг баялаг үнэгүйдэх магадлалтай байна.

Баруун аймгуудаас УИХ-д сонгогдсон гишүүд зүүн бүс нутагт ноолуурын үнийг өндөр, баруун талд хямд тогтоолоо гэж Ч.Улаан сайдыг шүүмжилсэн. Тэрбээр чанараар нь ангилж үнэ тогтоосон гэж тайлбарласаар буй. Үнэн хэрэгтээ аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан бодлогын гэрээний ард түүний улс төрийн ашиг сонирхол нуугдаж байж мэдэх юм. ХХААХҮ-ийн сайд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж УИХ-д олон удаа сонгогдсон хүн. Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол түүнд байгаа болов уу. Тиймээс зүүн бүсээс худалдаж авах ноолуурын үнийг өндөр тогтоож, бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийг хамгийн түрүүнд тэнд ажиллуулах нь түүнд ашигтай.

...Үнэ тогтоож, зүүн бүсийн ноолуурыг өндөр хүнээр худалдаж авах нь У.Хүрэлсүх, Ч.Улаан хоёрт ашигтай байсан юм уу. Улс орноо, иргэдээ бүхэлд харж чадахгүй, хар амиа хичээсэн улстөрч бодлого боловсруулахаар ийм гажуудал үүсэж байгаа...

Тэрбээр Сүхбаатар аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл “Эдийн засгийн хямралтай үед би бодлого боловсруулж, та нарын ноолуурыг өндөр үнээр худалдаж авсан” гэж яриад явах байлгүй. Энэ бол тухайн нутгийн малчдыг орлогыг багасахаас хамгаалсан гэсэн улс төрийн том үнэлгээ болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгаас нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан. Ерөнхий сайдын нутгийнхан ч ноолуураа өндөр үнээр зарна. Ерөнхий сайд маань ч сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ “Та нар ноолуураа өндөр үнээр зарсан биз дээ” гэж малчдаас асууж “Тэр бодлогыг Ч.Улаан боловсруулж, би дэмжсэн юм шүү дээ” гэж ойлгуулахаа мартахгүй биз.

Засгийн газраас үнэ тогтоосон бодлогод шоглоомтой нэг өнцөг бий. ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн гурав болон төвийн бүсийн зарим аймгийн малчдын ноолуурыг худалдаж аваад л мөнгө нь дуусчихна. Тэгэхээр бусад аймгийн малчид Засгийн газрын тогтоосон үнээр ноолуураа зарах боломжгүй болно. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн малчин Засгийн газраас тогтоосон 75 мянган төгрөгөөр кг ноолуураа борлуулж чадахгүй гэсэн үг. Энэ тохиолдолд ялгаварлал үүсэх нь тодорхой. Баруун талын аймгийн малчид “Хэнтийнхэн Ерөнхий сайдтай, Сүхбаатарынхан ХХААХҮ-ийн сайдтай болохоор ноолуураа өндөр үнээр зарчихлаа. Бид 20 мянган төгрөгөөр зарах юм шиг байна” гээд атаархаад сууж байх хэрэг үү. Ийм нөхцөл бодитой нүүрлэх нь. Тиймээс Засгийн газраас 7000 тонн ноолуурыг яаж ийж байгаад тогтоосон үнээр худалдаж авах арга чарга бодох шаардлагатай. Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайд хоёр зүүн бүсийнхний ноолуурыг өндөр үнээр авчихсан юм чинь бусад нь хамаагүй гэж амиа хичээхгүй байлгүй дээ.

Дэлхийн зах зээлд ноолууран эдлэлийн борлуулалт муудаж, түүхий эдийн ханш хямдрах нь тодорхой байхад зүүн бүсийн аймгуудын ноолуурын үнийг өндөр тогтоосон нь Засгийн газрын алдаа болсон. Бодлого боловсруулагч сайдын хувиа бодсон, аминч шийдвэр байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Зүүн бүсийн аймгуудын ноолуурыг 70 мянган төгрөгөөр тогтооход 300 тэрбум төгрөгөөр олон бүс нутгийн ноолуурыг худалдаж авч чадах байв. Малчдын нэг хэсгийг төрийн бодлогоор илт дэмжээд, нөгөөг нь орхиж буй нь хуншгүй төрийн зан мөн.

Үүнийг мэдэрсэн УИХ-ын зарим гишүүн малчдын тушаасан кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох санаачилга гаргав. Үүнд зориулж 200 тэрбум төгрөгийн төсөв батлах гэнэ. Ноолуурын үнийг ялгаатай тогтооход ямар ч арга хэмжээ аваагүй гэж сонгогчдоосоо зэмлэл хүртэхээс тэдний зарим нь айж байгаа. Сүхбаатар, Хэнтий, Дорнодынхон ноолуураа 105 мянган төгрөгөөр зараад, дээрээс нь 20 мянгын урамшуулал авчихна. Ноолуурынх нь үнэ 125 мянган төгрөгт хүрнэ гэсэн үг. Хямралтай цагийн ханш гэхэд малчдад жирийн үеийнхээс өндөр орлого оруулахаар байгаа биз. Зүүн бүсийнхэн “Ч.Улаан сайд аа, баярлалаа” гэж хэлэх байх. Хэрэв тогтоосон үнээр нь ноолуурыг авч чадахгүй бол сайдтан баруун тийш зүглээд хэрэггүй болов уу. Увсын малчин кг ноолуураа 25 мянган төгрөгөөр зараад, дээрээс нь 20 мянгын урамшуулал авна. Нийт 45 мянган төгрөгийн орлого олно гэсэн үг. Сайдын нутгийнхнаас гурав дахин бага орлого олох тооцоо гарч байна. Засгийн газрын тогтоосон үнэ зах зээлийг ийн шоглолоо. Уг нь тогтоосон үнээрээ ноолуур худалдаад авчихвал урамшуулал ч олгох шаардлагагүй баймаар. Чамлаад байхаар тийм хямд үнэ биш юмсан.

Нэгэнт урамшуулал өгөх байсан юм бол Засгийн газраас үнэ тогтоох шаардлага байсан уу. Үнэ тогтоож, зүүн бүсийн ноолуурыг өндөр үнээр худалдаж авах нь У.Хүрэлсүх, Ч.Улаан хоёрт ашигтай байсан юм уу. Улс орноо, иргэдээ бүхэлд нь харж чадахгүй, хар амиа хичээсэн улстөрч бодлого боловсруулахаар ийм гажуудал үүсэж байгаа юм. Одоо малчид Засгийн газраас ноолуур экспортлох сувгийг нээж, тогтоосон үнээрээ ялгаварлалгүй худалдаж авахыг шаардах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)