Зах зээлд эрэлттэй ажилтнуудыг бэлтгэхэд анхаарна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгууллаа. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажилтнуудыг бэлтгэх, энэ чиглэлд залуусыг түлхүү сургахад нөлөөлөх ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх үүднээс уг үйл ажиллагааг санаачилжээ. Улсын хэмжээнд одоогоор мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 80 төв үйл ажиллагаа явуулж буй аж. Үүнээс 38 нь төрийн өмчийнх бол 30 нь хувийн хэвшлийнх. Үлдсэн 12 нь төрийн өмчийн их, дээд сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр төв нийт 40 011 суралцагчтай. Өнгөрсөн хавар төгсөгчдийнх нь 51.4 хувь шууд ажилтай болжээ.

“Дипломтой хэрнээ ажилгүй иргэн олон байна. Зарим салбарт ажиллах хүчний илүүдэл үүссэн. Гэтэл заримд нь ажиллах хүч дутагдалтай. Тиймээс цаашид бид ажил олгогчдод ямар мэргэжил, чадвартай боловсон хүчин хэрэгцээтэйг судлах шаардлагатай. Түүнийхээ үр дүнд үндэслэн тусгай хөтөлбөрөөр залуусыг сурган, ажлын байранд зуучлан, цалинтай дадлага хийлгэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурсан хугацааг нь ажилласан жилээр тооцох зэрэг зохицуулалтыг холбогдох бодлогын баримт бичигт тусгах нь зүйтэй” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ үеэр онцоллоо.

Бэлтгэсэн: Б.Лхам-Эрдэнэ 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)