Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг ахмад хуульчид эсэргүүцэв


Шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж УИХ-д мэдэгдэл хүргүүлж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн болон нутгийн захиргааны төв болон байгууллагын үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гаргах төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд ИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шатанд явж байгаа. 

Энэ төслийг Монголын хуульч, эрдэмтэд судлаачид Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд нөлөөлнө гэж үзэж байгаагаа ахмад шүүгчид илэрхийллээ. 

Шүүхийн ахмадын холбооны гишүүн Д.Гансүх "Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Бид ахмадын зөвлөлөөрөө хэлэлцээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх талаар УИХ-д мэдэгдэл гаргалаа. Ахмад хуульчид энэ мэт хэрэгт оролцоод байдаггүй боловч энэ удаад оролцохоос аргагүйд хүрлээ" гэв.

Шүүгчдийн үзэж байгаагаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгож байгаа бөгөөд Засаг төрийн байгууллагыг дураар аашлах боломжийг хязгаарлах ёстой гэдэг дээр нэгдсэн байна.



 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)