Засгийн газрын 27 дахь хуралдаан

•    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн зүйлд анхаарах шаардлагатай хэмээн хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар болов.
•     “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 158 дугаар зарлигт нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дэд дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Дотоодын цэргийн Штабын даргын цэргийн цолны зэрэглэлийг “Бригадын генерал” болгох зорилгоор зарлигийн төсөл боловсруулсан байна.
•    “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
•    Улаанбаатар хотноо 2010 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болох  Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2010 оны хэлэлцээнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийн төслийг хэлэлцэн дэмжив. 2 жил тутам болдог энэ хэлэлцээгээр “Эдийн засгийн шинэчлэл, зах зээлийн эдийн засгийн хөгжил”, “Байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн хамгаалалт түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг” гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагаа болон тухайн жилд хэрэгжүүлж эхлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэнэ. ХБНГУ нь манай улсын тэргүүлэх түншийн нэг бөгөөд 1991-2009 оны хооронд нийт 274,0 сая гаруй еврогийн Хөгжлийн албан ёсны тусламж олгосон нь нэг хүнд ногдож байгаа хэмжээгээрээ хандивлагч орнуудын дотор Япон Улсын дараа хоёрдугаарт ордог юм.
•    “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Төсөл батлагдсанаар эрх зүйн таатай, ойлгомжтой орчин бүрдэнэ. Хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, торгуулийн хэмжээг чангатган, ногдуулах арга хэмжээг учруулсан хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааруулан тогтоосноор эрүүл мэндийн чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчил багасах юм. Эрүүл мэндийн салбарт ногдох улсын төсвийн хуваарилалтын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн сангаас зарцуулах зардлын хэмжээг өсгөх шаардлага гарах юм байна.
•    2006 оны 3 дугаар сарын 13-28-ны хооронд Сингапурт зохиогдсон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Дипломат бага хурлаас баталсан “Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлуулах тухай асуудлыг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Үндэсний болон бүс нутгийн барааны тэмдгийн бүртгэлийн ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хялбаршуулах замаар түргэн шуурхай, ойлгомжтой болгох, барааны тэмдгийн бүртгэлийн зохион байгуулалтын шинжтэй ажиллагааг уялдуулахад чиглэсэн орчин үеийн уян хатан олон улсын тогтолцоог бий болгох нь Сингапурын гэрээний зорилго юм.
•    Тамхины хяналтын суурь конвенцийн итгэмжит санд 2010-2011 оны санхүүгийн жил төлбөл зохих 113.0 ам долларын хандив болон 2006-2007 онд төлөх байсан 124.0 ам долларын, 2008-2009 онд төлөх байсан 113.0 ам долларын хандивыг төсвийн багцаасаа төлөх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрөв.
•    Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2010 оны худалдан авах ажиллагааны нэгдүгээр улирлын явц, үр дүнгийн талаар Сангийн сайд С.Баярцогт  Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хугацаа алдаж байгаа төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2010 оны 6 дугаар сарын 1-ний дотор гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх, худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан албан хаагчдыг давтан сургаж, мэргэшүүлэх, тэдний үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгов. Яамдын ирүүлсэн тайлангаас үзвэл 572 тендер шалгаруулалт зохион байгуулахаас 414-ийг нь зарлаж, 184 нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна. 2010 оны 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг, даалгаврын биелэлт яамдынх 32 хувьтай, нийт төсвийн ерөнхийлөн захирагчдын хэмжээнд 31 хувьтай байна.
•    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 2010 оны 3 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 120.7 хувийн биелэлттэй, нийт зарлага 83.0 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсвийн нийт алдагдал 58.0 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 177.3 тэрбум төгрөгөөр бага байна.
•    “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг говийн аймагт 2010 оны 6 дугаар сарын сүүлийн хагаст хийх нь зүйтэй гэж үзэв.
•    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын үйл ажиллагааны талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 4 дүгээр сард 6 удаа хуралдан, 58 асуудал хэлэлцэж, 26 асуудалтай танилцан, Засгийн газрын 23 тогтоол, Ерөнхий сайдын 10 захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
•    2010 оны хаврын тариалалтад зориулан стандартын шаардлага хангасан үрийн буудай, химийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоог нэг удаагийн арга хэмжээ болгон 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаагаар улсын хилийн боомтоор оруулахыг зөвшөөрөв.
•    Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын 2010 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болсон “Мал, амьтны болон томуугийн цар тахалтай тэмцэх олон улсын сайд нарын бага хурал”-д оролцсон тухай илтгэх хуудастай танилцав.
•    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг Швейцарийн Женев хотноо болох Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 99 дүгээр чуулганд 2010 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрч, ажлын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
•    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-д болох Зүүн Азийн уур амьсгалын 2 дугаар чуулга уулзалтад оролцохыг зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)