Засгийн газрын гишүүнийг хугацаанд нь томилж чадаагүйн хариуцлагыг хэн үүрэх вэ


ЖДҮХС-гийн мөнгийг намынхаа улстөрчдөд давуу эрх олгон зээлсэн гэх хэрэгт унагаж, улс төрийн хариуцлага хүлээлгэн Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг аравдугаар сарын 31-нд гаргасан. Бүлэг ээлжит бусаар хуралдан байж гаргасан дээрх шийдвэртэй холбоотойгоор мөн өдрийн орой Б.Батзориг хэвлэлийн хурал зарлан, “Хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна” хэмээн 30 хүрэхгүй секундэд мэдээлэл хийж, үүнийг нь бүх цаг үеийн хамгийн богино хэвлэлийн хурал хэмээн сэтгүүлчид егөөдөж байсан нь саяхан. Гэвч үүнээс хойш сар хагасын хугацаа өнгөрчээ.

сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой атал хуулийн хугацаа бүтэн долоо хоногоор хэтрээд байгаа юм.

Уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дараагийн сайдад нэр дэвшигч аль хэдийн тодорсон. Өнгөрсөн сарын 12-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус салбарын сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуульд заасан журмын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, УИХ-ын дарга М.Энхболдод арваннэгдүгээр сарын 15-нд саналаа өргөн мэдүүлсэн билээ. Үүнийг нь УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах л дутуу байгаа юм. Гэтэл эхнээсээ хууль журамд заасны дагуу явж байсан уг асуудал эрх баригчдын дотоод хагарлаас болон гацаанд орж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар эзэнгүй хэвээр байна.

Сануулахад, өнгөрсөн сарын 17-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ч.Улааны томилгоог эцэслэхээр товлож, Шадар сайд Ө.Энхтүвшин уг асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар томилогдоод байв. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Иймээс Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаанд оролцуулъя” гэсэн горимын санал гаргаснаар хэрэг бишидсэн. Түүний араас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Ерөнхий сайд, Шадар сайдын аль нь ч байгаагүй. У.Хүрэлсүх хуралдаанд оролцож, ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайд, намын даргын хувиар ярихгүй бол Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг ярихгүй, нэр дэвшигчийг дэмжихгүй” гээд танхимын тэргүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох хүртэл хугацаагүй завсарлага авах хүсэлт гаргасан. Энэ үед Шадар сайд Ө.Энхтүвшин “У.Хүрэлсүх нуруугаа гэмтээсэн” хэмээн хаацайлах гэж оролдоод, Ерөнхий сайдын эрүүл мэндийн байдлыг зарлаж, төрийн нууц задалсан хэрэгт орох шахсан юм даг. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар уг асуудал эхэлсэн юм.

Энэ сарын 6-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр товлосон ч мөн л Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ирээгүй, нэр дэвшүүлсэн асуудлаа танилцуулаагүй, Засгийн газрын гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй гэсэн шалтгаанаар дахин хойшлоод байна. Энэ удаа эрх баригч намынхан өөрсдөө уг асуудлыг гацааж буй. Ч.Улааныг сайдаар томилох асуудал анх ярьж байсан үеийнхээс улс төрийн нөхцөл байдал, эрх баригчдын дотоод уур амьсгал ихээхэн муудаж, М.Энхболдын талынхан Засгийн газраа унагахаар дайрч, У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын даргыг албан тушаалаасаа буу хэмээн шаардан, хэрсэн бух шиг тулж зогсчихоод буй нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын томилгоог ийн удаашруулж, хуулийн хугацааг нь дуусгалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй У.Хүрэлсүхийн талыг баримтлагчид УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн бойкот хийж буйгаас ирц бүрдэхгүй байгаа билээ. Үүнийх нь хариуд М.Энхболдын талынхан ч зүгээр суусангүй. ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах санал Прокурорын газраас оруулж ирнэ гэсэн мессеж тараан, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулж буй. Энэ байдал хэзээ дуусаж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа голдиролдоо орохыг таашгүй.

Эцэстээ, энэ бүхэн шударга ёсны төлөөх тэмцэл бус, нам доторх эрх мэдэл, ашиг сонирхлын тэмцэл, төрт ёс, хууль дүрмийн дээгүүр гишгэсэн иш мухаргүй муйхарлал юм биш үү хэмээн урам хугарахад хүргэж байна. Үндсэн хуульд “Ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан. Гэтэл хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь ингэж хуулийг үл тоож, уландаа гишгэх нь ямар ч үгээр зөвтгөж боломгүй үйлдэл билээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Хууль дээдлэх нь хүн бүрийн, тэр тусмаа төрийн удирдах дээд байгууллагын хамгийн хүндтэй, нэн тэргүүний үүрэг байлтай.

Тасралтгүй ажиллах ёстой төрийн механизмыг гацаан, Үндсэн хуулийг зөрчихөд хүргэсэн, дотоод хэрүүл, талцалдаа идэгдсэн үнэмлхүй олонх, сайдаа томилох хуралд оролцохгүй байгаа Засгийн газар, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа УИХ-ын аль аль нь муухай харагдаж байна. Энэ тохиолдолд яахыг заасан хуулийн тодорхой зохицуулалт байхгүй. Гэвч улстөржилт дээд цэгтээ тулсан энэ үед Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх зарчмыг үл ойшоосон энэ үйлдэл нь УИХ, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ганхуулах үндэслэл болохыг ч үгүйсгэхгүй билээ. Нэгэн цагт Эрүүл мэндийн сайдын томилгоог хуулийн хугацаанд багтаагаагүй Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг зурж асныг мартах хараахан болоогүй байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)